Өнгөрсөн оны аравдугаар сард Тюмень мужийн ойд баавгайтай тулалдан, хүнд шархадсан ОХУ-ын боксчин Илья Медведев нөхөн сэргээх эмчилгээнд ороод байна.
Хэргийг сануулахад, 2021 оны аравдугаар сарын 19-нд Илья хоёр найзынхаа хамт загасанд явж байхад нь Иртыш голын ойролцоо тэдэн рүү баавгай дайрч, нэгийг нь барьж, ноцсон байна.
Бариулсан найз нь амиа алдсан ч боксчин залуу баавгайтай тэмцсээр хутгалан, алж чадсан гэж хэвлэлээр гарсан билээ.
Илья нүүр толгойндоо маш хүнд шархадсан юм. 2012 оны олимпын аварга боксчин Егор Мехонцев Instagram хуудсаараа дамжуулан “Илья одоо сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа. Удахгүй түүний нүүрийг нөхөн сэргээх мэс засал хийнэ. Баавгай нүүрийг нь маш их урж, гэмтээсэн. Эмчилгээний бүх зардлыг Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлев дааж байгаа” гэж мэдэгдсэн байлаа.
23 настай Илья Медведев спортын мастер цолтой. 2019 оны долоодугаар сард ОХУ-ын Зэвсэгт хүчний АШТ-д 64 кг-ын жинд түрүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )