Алдарт Адлан Вараевын олимпын медалийн хувь заяа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Сөүлийн олимпын мөнгөн медальт, дэлхийн 3 удаагийн аварга Адлан Вараев амьд сэрүүн байсан бол энэ сард 60 насныхаа тэгш ойг тэмдэглэж байх ёстой байлаа.

Харамсалтай нь Адлан Абуевич 2016 оны тавдугаар сард төрөлх Чеченьдээ амарч байхдаа хаднаас голд унаж, эмгэнэлтэйгээр амиа алдсан юм.

Ингээд алдарт бөхөө дурсан санахын зэрэгцээ түүний олимпын мөнгөн медалийн талаар өгүүлье.

Энэ гайхалтай үйл явдал 2018 онд Беларусын Минск хотноо Александр Медведийн нэрэмжит тэмцээний үеэр тохиолдсон юм. Украины багийн дасгалжуулагч Руслан Савлохов Адлан Вараевийн хүү Ахмед Вараевт аавынх нь 30 жилийн өмнө авсан олимпын медаль буюу “Сөүл 1988” олимпын наадмын мөнгөн медалийг гардуулсан өгсөн юм.

Сөүлд Адлан Вараев финалд илт давуу барилдсан ч авлига авсан шүүгч нар түүнийг луйвардсан юм. Шүүгч нар дараа нь шийтгүүлж, 2 жил шүүх эрхээ хасуулсан. Эх оронд нь Адланыг олимпын аварга шиг л хүлээн авч, ЗХУ-ын Олимпийн хорооноос аваргын шагнал гардуулсан өгсөн. Гэсэн ч Адланы зүрхэнд тэр финалын барилдаан гүн шарх үлдээсэн юм. Гэхдээ энэ мөнгөн медаль нь эзнийхээ амьдрал шиг их юм үзэж туулсан талаар одоо ярья.

Орос, Чеченийн дайны үеэр Грозный хот дахь Адланы гэрт хулгай орж, спортын шагнал, цомууд, тэр дундаа олимпын мөнгөн медалийг нь аваад арилсан байлаа. Дайн болж байсан тул Адлан тэр үед нэг их тоосонгүй. Хүмүүс үхэж үрэгдэж байхад медаль, цомны талаар бодох хэн байх билээ. Тэр дайнд Адланы олон хамаатан садан амиа алджээ. Олимпын мөнгөн медалийн талаар санаа зовж байсан ганц хүн нь ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Абдул-Вахит Вараев буюу түүний ах. Дүүгээ дасгалжуулж байсны хувьд тэр олимпын шагналын тавцанд гарах гэж ямар их хөлс, хөдөлмөр зарцуулсныг нь сайн мэдэж байлаа. Медаль олдсонгүй, олдох ямар ч найдваргүй байв. Гэвч амьдралд гайхамшигтай зүйл тохиолддог юм байна.

А.Медведийн нэрэмжит тэмцээнд оролцохоор Минскт ирсэн Украины шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Руслан Савлохов Адлан Вараевийн олимпын медалийг аваад иржээ. Медаль дээр олимпын он, ар талд нь спортын төрөл, жин бичээстэй байгаа болохоор алдаа байхгүй Адланы медаль байлаа.

Яаж яваад энэ медаль Украинд очдог билээ? Чеченийн дайны үеэр медалийг нэг орос цэрэг хулгайлсан болж таарчээ. Тэр цэрэг дараа нь эхнэрээсээ салж, эхнэр нь Украинд амьдрахаар явахдаа медалийг аваад явсан байна. Бүсгүй Украинд дахин гэрлэхдээ Савлоховын дотнын андтай гэрлэжээ. Нэгэн удаа Савлаховтой ярилцаж суухдаа тэр өөрт нь Сөүлийн олимпын мөнгөн медаль байгаа гэж ярьсан байна. Медалийг үзсэн Руслан хэний медаль болохыг төвөггүй ойлгожээ. Ингээд л олимпын мөнгөн медаль хууль ёсны эзэндээ эргэн очих нь тэр. Харамсалтай нь яг эзэндээ биш хүүд нь очсон. Адлан Вараев хоёр жилийн өмнө эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ. Тиймээс хүү Ахмед нь аавынхаа медалийг хүлээн авч, нандигнан хадгалахаа андгайлсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(139.5.217.195) 2022 оны 01 сарын 07

Сугарэрдэнэ ээ чөлөөтийн энэ сарын 12-14нд болох тэмцээнийг хамаг байдгаараа сурвалжилж спортыг дэмжигчиддээ буян болооч

0  |  0
Зочин(202.21.108.25) 2022 оны 01 сарын 07

М.Сугарэрдэнээ сонирхолтой түүх бичсэнд баярлалаа. Гэхдээ А.Вараев дэлхийн 3 удаагын аварга биш 1987 онд л дэлхийд 1 удаа л түрүүлсэн юм шүү!!!!!!!!!

0  |  0
Top