Ираны сонгомол барилдааны бөх Али Арсалан энэ улирлаас Сербийн шигшээ багийн нэрийн өмнөөс барилдах боллоо.
Иран тамирчин хууль журмын дагуу иргэншлээ сольж байгаа нь тун ховор тохиолдол. Учир нь ихэнх нь улс төрийн шалтгаанаар эх орноо орхидог бөгөөд тэмцээн уралдааны үеэр зугтаж, дүрвэдэг уламжлалтай. Сүүлийн хэдэн жилд 2018 оны жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллай тэргүүтэй 30 гаруй тамирчин Иранаас зугтжээ.
Харин Ираны бөхийн холбооноос Али Арсаланыг Ираны шигшээ багт тус дэм болохгүй гэж үзсэн бололтой, гадаад орны өмнөөс барилдах зөвшөөрөл олгожээ. 26 настай Али Арсаланы хамгийн том амжилт нь 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль. Өнгөрсөн улирал улсын аварга болсон.
Сербийн бөхийн холбоо сүүлийн үед гадаад тамирчдаар шигшээ багаа хүчирхэгжүүлэх бодлого барьж байгаа. Сонгомол барилдааны Токио олимпын хүрэл медальт, өнгөрсөн жилийн дэлхий, Европын аварга, Гүржийн Зураби Датунашвилиг эгнээндээ авч чадсан. Харин чөлөөт бөхийн шигшээ баг нь өнгөрсөн жил дэлхийн аварга асан Хетик Цаболовыг, энэ жил Дагестаны Магомедгажи Нурасуловыг авсан. 2018 оноос Сербийн төлөө АНУ-ын Стеван Мичич барилдаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )