Дэлхийн чансааг тэргүүлэгч, Сербийн теннисчин Новак Жоковичийн Австрали дахь адал явдал үргэлжилсээр байна.
Australian Open тэмцээнд оролцохоор ирсэн Новак Жоковичийг коронавирусний вакцин хийлгээгүй тул хилчид түүний визийг хүчингүй болгож, гарч явахыг шаардсан талаар бид мэдээлсэн. Жокович эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж болохгүй гэсэн бичигтэй байсан ч энэ нь хангалтгүй гэж хил дээр үзжээ.
Харин Новак энэ шийдвэрийг эсэргүүцэж, Австралийн шүүхэд хандсан бөгөөд шүүхээс өчигдөр хилчдийн шийдвэрийг буруу хэмээн үзэж, Новакийг суллан, хувийн эд зүйлсийг нь өгөхийг даалгалаа. Мөн шүүх ажиллагаатай холбогдон гарсан бүх зардлыг Австралийн Дотоод явдлын яам төлөх болсон.
Шүүгч Энтони Келли “Хил, гаалийн ажилтнууд Мельбурны нисэх буудал дээр хэд хэдэн хууль журам зөрчсөн. Жоковичод өглөөний 08.30 цаг хүртэл Tennis Australia болон багтайгаа холбогдож, эмнэлгийн бичиг баримт бүрдүүлэх цаг олгосон ч 07.40 цагт визийг нь хүчингүй болгосноо мэдэгдсэн нь алдаа байлаа” гэж мэдэгдсэн. Дотоод явдлын яамнаас журам зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн байна.
Энд хамгийн гол нь Австралийн Шүүх Жоковичийн эмнэлгийн бичиг баримт хүчинтэй байсан болохоор биш хилчид ажлын алдаа гаргасан болохоор виз цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс вакцингүй Жокович Австралид ирэх эрхтэй байсан уу, үгүй юу гэдэг асуудал нээлттэй хэвээр үлдэж байгаа юм.
Шүүх хурлын дараа Австралийн Дотоод явдлын яамны хуульч одоо Жоковичийн визийг Цагаачлалын яамнаас цуцлах эрхтэй байгаа гэж албан ёсоор мэдэгдсэн.
Суллагдсан Новак бэлтгэл хийж байгаа зургаа оруулж, Australian Open тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдсэн ч аюул намжаагүй байна.
Хэрэв Цагаачлалын яамнаас визийг цуцлавал Новак гурван жил Австралид орох эрхгүй болох юм. Австралид Цагаачлалын сайд нь улс оронд аюул учруулж болзошгүй гэсэн этгээдийн визийг бие даан цуцлах эрхтэй байдаг.
Жоковичийг буруутгах нэгэн материал гарч ирсэн нь тэрээр 12 дугаар сарын 16-нд ковидийн халдвартай нь тогтоогдсон. Тусгаарлагдан эмчлүүлэх ёстой байсан ч Новак 12 дугаар сарын 17, 18-нд хүүхдүүдтэй уулзаж, олон нийтийн арга хэмжээнд оролцсон нь илэрсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )