Абдулрашид Садулаев: Анхны багшаа хэзээ ч битгий мартаарай

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

Олимпын хошой аварга, дэлхийн 5 удаагийн аварга Абдулрашид Садулаев саяхан анхны багштайгаа уулзжээ. Орос Танк олон нийтийн сүлжээнд “Миний анхны дасгалжуулагч Магомед Алиханович. Түүний удирдлага дор би спортын анхны алхмаа хийж байлаа. Зөөлөн ч заримдаа маш хатуу багш маань хаана ч , юу ч хийсэн сахилга баттай байхыг эрхэмлэн сургадаг байсан. Магомед Алиханович бол намайг 8-9 настай байхад минь ирээдүйд амжилт гаргана гэж итгэж байсан цөөхөн хэдэн хүний нэг. Спортын ямар ч төрөл хүүхдийн дасгалжуулагчаас эхэлдэг. Нас ахисан хойноо л чи анхны багш чинь ямар их зүйл чамд өгснийг ойлгодог. Анхны багш нараа хэзээ ч бүү март. Тэднийгээ хайрлаж, үнэлж яваарай” гэж бичээд зургаа оруулжээ.

2017 онд Дагестаны нэгэн шар сонин “Дагестаны алдарт дасгалжуулагч үгээгүй ядуу амьдарч байна” гэсэн гарчигтай нийтлэл гаргаж, Садулаевыг багшаа мартлаа шүүмжилсэн. Садулаев дараа нь сонинд ярилцлага өгөхдөө “Би энэ мэдээг олон нийтийн сүлжээнд харсан. Ямар ч үндэсгүй худлаа мэдээ. Би 11 дүгээр анги төгстлөө Магомед Алиханович Магомедов багш дээр хичээллэсэн. Дараа нь Махачкалад шилжсэн ч багшаа хэзээ ч мартаж байгаагүй. Миний төлөө юу хийж, надад юу өгснийг нь үргэлж санаж явдаг. Магомед Алиханович миний анхны багш төдийгүй аавын минь найз. Би төрөлх Цуриб тосгондоо очих болгондоо багш дээрээ очиж уулздаг. Тэр мэдээн дээр багшийг амьдардаг гээд малын хашааных нь зургийг тавьсан байсан. Багш маань жирийн сайхан байшинд амьдардаг. Махачкалагийн ойролцоо Ленинкентад бас нэг байшинтай. Тэр байшинд оюутан хүү нь одоо амьдарч байгаа. Магомед Алихановичыг хэн ч мартаагүй. Энэ жил бид хоёрыг хамтад нь шагнасан. Багш ОХУ-ын гавьяат дасгалжуулагч болсон шүү дээ. Би тэмдэглээд машин бэлэглэсэн. Цуриб тосгонд багшийн нэрэмжит тэмцээн болсон” гэж ярьж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top