Дэлхийн чансааг тэргүүлэгч, Сербийн теннисчин Новак Жоковичийн Австрали дахь адал явдал өндөрлөлөө. Новакийг тус улсаас албадан гаргасан бөгөөд тэрээр Дубайд очжээ.
Үйл явдлыг эргэн сануулахад Australian Open тэмцээнд оролцохоор ирсэн Новак Жоковичийг коронавирусний вакцин хийлгээгүй тул хилчид түүний визийг хүчингүй болгож, гарч явахыг шаардсан. Жокович эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж болохгүй гэсэн бичигтэй байсан ч энэ нь хангалтгүй гэж хил дээр үзжээ. Харин Новак энэ шийдвэрийг эсэргүүцэн, Австралийн шүүхэд хандаж, ялалт байгуулсан. Шүүхээс хилчдийн шийдвэрийг буруу хэмээн үзэж, Новакийг сулласан юм.
Гэвч Австралийн Цагаачлалын яамнаас түүний визийг цуцалсан. Австралид Цагаачлалын сайд нь улс оронд аюул учруулж болзошгүй гэсэн этгээдийн визийг бие даан цуцлах эрхтэй байдаг байна. Ингээд дахин шүүхдэлцлээ. Цагаачлалын сайд Алекс Хоук “Новак Жоковичийн визийг цуцалсан шалтгаан нь тэрээр манай улсад байвал вакцин, дархлаажуулалтыг эсэргүүцэх уур амьсгал Австралид нэмэгдэх аюултай “ гэж мэдэгдсэнийг шүүхээс хүлээн авч, Новакийг албадан гаргах шийдвэр гаргалаа.
Австралийн хууль ёсоор Новак Жоковичийг гурван жилийн хугацаанд Австралид ирэхийг хориглосон байна.
Сэтгэгдэл ( 0 )