А.Асгахад: Сүмод орох боломж олгосон Ояката багшдаа их баярладаг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Японы Токио хотноо үргэлжилж байгаа Нэгдүгээр сарын тэмцээний үеэр Өвөр Монголын хоёр дахь сүмоч төрөн гарлаа.

Анхны Өвөр Монгол сүмоч болох Соококүрай Энхтүвшин өдгөө Арашио дэвжээг эзэмшдэг ояката болсон. Түүний замнал дардан шулуун байгаагүй. 2011 онд найрааны хэрэгт орооцолдож, холбооноос хөөгдсөн. Тэтгэлгийн мөнгө аваад зодог тайл гэсэн шаардлагыг үл хэрэгсэн, үнэн зөвөө тогтоох гэж 2 жил хагас шүүхдсэний эцэст дахин барилдах эрхээ авч байсан билээ. 2020 онд зодог тайлаад Арашио дэвжээг өвлөн авсан. Ингээд Өвөр Монголоосоо шинэ бөх авчирсан юм. Алтан-Очирын Асгахад хэмээх залууг 2018 оноос дэвжээндээ дадлага хийлгэж байгаад бараг дөрвөн жилийн дараа ийнхүү мэргэжилд орууллаа.

А.Асгахад 21 настай. 190 см, 153 кг.  

Дайсэйзан А.Асгахад бөх сонирхогчид, Асашио дэвжээнийхээ дэмжигчдэд зориулан, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

“Дайсэйзан нэрээр барилдах болсон А.Асгахад байна. Оякататай ижилхэн Өвөр Монголын уугуул. Аав минь оякататай хамт чөлөөт бөх барилдаж байсан андууд. Миний амьдарч байсан хотын дэргэд маш том уул нуруу бий. Хамгийн өндөр оргилынх нь нэрээр Дайсэйзан гэдэг нэр авсан. Би дунд сургуульд байхдаа анх Японд ирсэн. Сүмогийн тэмцээнд оролцоход өрсөлдөгч хүүхдүүд цусаа асгаруулсан ч үл тоон, бэлтгэл хийж байгааг хараад сүмо бөх болохыг хүссэн. Ахлах сургуулиа Японд төгсөөд Арашио дэвжээнд бөхчүүдтэй хамт амьдарсан. Бэлтгэл хийхийнхээ хажуугаар Япон хэлний сургууль, Спортын тусгай сургуульд элсэж, хичээл хийсэн. Ийм боломж олгосон ояката, окамисандаа маш их баярлаж байна. Том биетэй, эрүүл чийрэг төрүүлсэн аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Намайг дэмжээрэй” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(139.5.217.195) 2022 оны 01 сарын 26

амжилт хүсьэ ,мундаг сумоч болоорой

1  |  0
xaxa(192.82.85.176) 2022 оны 01 сарын 18

haha

1  |  0
Top