Чөлөөт бөх: Зодолдсон бөхчүүдийг торгож шийтгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Энэ сарын 12-14-нд Солигорск хотын Шахтер ордонд Беларусын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө. Европын аваргын тэмцээнд оролцох шигшээ багийг тодруулах хариуцлагатай тэмцээн байв.

86 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд хоёр дагестан легионер учраа таарч барилдсан. Барилдаан эхлээд удаагүй байхад Али Шабанов, Расул Тихаев нар зодолдож, хоёулаа тэмцээнээс хасагдсан юм.

Зодооны бичлэг – https://wrestlingtv.ru/video/BAnovmqRUSFyt9jgyEgLrw

Сэтгүүлч нар зодоон эхлүүлсэн Али Шабановтой уулзаж, тодруулга авчээ.

-Яагаад зодолдов?

-Би дэвжээн дээр үргэлж зодолдох биш барилдах гэж гардаг. Энэ удаад өрсөлдөгч маань яагаад ч юм хэт харгис байлаа. Хуруу нугалаад хугалах шахсан. Хэдэн удаа гараа салгасан ч дахиад оролдохоор нь тэвчээр алдагдсан.

-Таныг тэмцээнээс хасагдаж байхыг хараагүй юм байна.

-Насанд хүрэгчид төдийгүй залуучууд, идэрчүүдийн тэмцээн дээр ч ийм явдал болж байгаагүй. Бид хоёр нэг нутгийнх, шигшээ багийн андууд, би түүнээс ахмад хүн. Яагаад тийм харгис барилдаж байгаа юм бэ? Хүндлэл байх ёстой. Мэдээж дэвжээн дээр ах дүү ялгаа байхгүй ч хамт бэлтгэл хийдэг хүнтэйгээ тийм муухай барилдаж болохгүй.

-Та хоёр учраа ололцсон уу?

-Дараа нь уулзаж, гар барилцсан. Бие биенээ ойлгосон.

-Энэ барилдаанаас өмнө муудалцаж байсан юм уу?

-Ойр дотно нөхөрлөж байгаагүй ч жирийн харилцаатай байсан. Расул сайн залуу. Гэхдээ нийлээд байх зүйл байхгүй.

-Ямар нэг шийтгэл хүлээсэн үү?

-Беларусын бөхийн холбооноос бид хоёрыг торгосон. Өөр шийтгэл оноох эсэхийг Спортын яамнаас хуралдаж шийднэ. Хурлын дараа Европын АШТ-д 86 кг-д хэн явахыг зарлана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.143) 2022 оны 01 сарын 19

Хаа газрын бөхчүүд гэж сумтай гарууд байх юм даа, манай үндэсний бөхийнхөн бол бүр тасархай

0  |  0
Top