Дал дахь удаагаа явагдаж байгаа Японы Оны шилдэг тамирчин шалгаруулах ёслол Токиод болж, Токиогийн олимпын жүдо бөхийн 73 кг-ын жинд түрүүлсэн Шёохэй Оно 2021 оны Японы Шилдэг тамирчнаар тодорлоо.
Түүнд шагналыг олимпын 3 удаагийн аварга домогт Номүра Тадахиро гардуулсан байна.
Ёслолын дараа Оно “Олимпын дараа бие, сэтгэлээ хэсэг зуур амрааж байгаа. Гэхдээ олимпын аварга болсон бичлэгээ үзэхээр одоо ч сэтгэл хөдөлдөг. 2024 оны Парисын олимпын талаар яг одоогийн байдлаар бодсон зүйл байхгүй. Амралтаа дуусахаар юуны өмнө формдоо буцан орж, хүчирхэг Оног харуулах болно. Энэ бол зорилго биш хийх ёстой л ажил” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Мөн одоо бож байгаа мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээний талаар “Өрсөлдөөнтэй башё болж байна. Тэрүнофүжи дараалсан ялалт нь 23 дээр зогслоо. Гэхдээ Тэрүнофүжи найз минь түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна.
Шёохэй Оно, Тэрүнофүжи хоёр эртний найзууд бөгөөд залуудаа Оно нь олимпын аварга болно, Тэрүнофүжи нь ёкозүна болно гэж ярилцдаг байжээ. Хоёр найз хоёулаа зорилгодоо хүрсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
домог