BEST FIFA FOOTBALL AWARDS: Манайхан хэн, хэнд санал өгөв?

2022 оны 01 сарын 20

ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулдаг THE BEST  FIFA FOOTBALL AWARDS 2021 шагналын эзэд өнгөрөгч даваа гаригт тодорсныг хөлбөмбөгийн хорхойтнууд, спорт сонирхогчид бүгд мэдэж буй.

Шилдгүүдийг ФИФА-ийн гишүүн 211 орны үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ахлагчид, мөн ФИФА-д бүртгэлтэй, хөлбөмбөгийн талаар мэргэжсэн сэтгүүлч (улс болгоноос нэг нэг), мөн хөгжөөн дэмжигчдийн саналыг үндэслэн тодруулдаг журамтай. Манай улсаас шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, дасгалжуулагч Шюүичи Масэ, спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин нар саналаа өгсөн. Ц.Энхтүвшин 2017 оноос хойш монгол сэтгүүлчдээ төлөөлж байгаа юм.

Ингээд түүний бичсэн нийтлэлийг сонирхоцгооё.

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

2021 оны шилдэг хөлбөмбөгчөөр Польшийн шигшээ баг болон Германы "Бавари" багийн Роберт Левандовски тодорч, Аргентиний Лионель Месси, Египетийн Мохамед Салах нар удаалсан. Мөн шилдэг дасгалжуулагчаар Германы мэргэжилтэн Томас Тухель шалгаран, Италийн шигшээгийн дасгалжуулагч Роберто Манчини, Испанийн Пеп Гуардиола нар эхний гуравт орсон. Харин шилдэг хаалгачийн сунгаанд Сенегалын Эдуар Менди , Италийн Жанлуижи Доннарумма нар оноо тэнцсэн ч журмын дагуу шигшээ багийн ахлагч, дасгалжуулагчдаас авсан оноогоор Менди илүүрхэж Лев Яшины нэрэмжит шагналыг хүртлээ.

Эмэгтэйчүүдээс шилдэг хөлбөмбөгчөөр Испанийн Алексиа Путельяс шалгарч, Австралийн Сэм Керр, Испанийн Женни Хермоса нар удаалсан бол шилдэг дасгалжуулагчаар Эмма Хейз тодорч Испанийн Луис Кортес, Холландын Сарина Виегман нар хоёр, гуравт бичигдлээ.

Эмэгтэй шилдэг хаалгачаар Чилийн Кристиана Эндлер шалгарч, түүний араас Канадын Стефание Лаббе, Германы Анн Катрин Бергер жагсав.

Мөн шигшээ багтаа оруулсан гоолын рекордыг шинэчилсэн Португалын Криштиану Роналдо (115 гоол), Канадын эмэгтэй шигшээ багийн ахлагч Кристин Синклэйр (188 гоол) нарт The Best FIFA Special award олгосон.

Оны шилдэг гоол, шилдэг хөгжөөн дэмжигчид, Цэвэр шударга тоглолтын шагнал, Олон улсын мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос (FIFA FIFPRO World 11) тодруулдаг оны гарааны 11 гээд шагналууд ч эзэндээ очсон.

За тэгвэл манайхан хэн хэнд саналаа өгсөн нь бас сонирхол татдаг. Журам ёсоор үндэсний шигшээ багийн ахлагч, ахлах дасгалжуулагчид саналаа өгдөг. Харин эрэгтэй багийнхан эрэгтэй тоглогч, хаалгач, дасгалжуулагчдын төлөө харин эмэгтэй багийнхан мөн хүйс нэгтнүүддээ санал өгнө. Харин сэтгүүлч эр, эм бүх шилдгүүдэд буюу нийт зургаан номинацид саналаа өгдөг юм.

Монголын үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш шилдэг тоглогчоор Левандовски, Жоржиньо, Канте, шилдэг дасгалжуулагчид Тухель, Гуардиола, Симионе, шилдэг хаалгачаар Менди, Нойер, Аллисон гэсэн дарааллаар саналаа өгсөн бол шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шуичи шилдэг тоглогчид Масэ Салах, Бензема, Криштиану Роналдо, шилдэг дасгалжуулагчид Конте, Гуардиола, Симионе, шилдэг хаалгачид Нойер, Аллисон, К.Шмейхель нарт саналаа өгчээ.

Манай эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч А.Алтантуяа шилдэг тоглогчоор Со Юн Жи, Сэм Керр, Эллен Уайт , шилдэг дасгалжуулагчаар Хейз, Герхардсон, Виегман, шилдэг хаалгачаар А.Нихэр, Лаббе, Эндлер нарт , харин эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат шилдэг тоглогчид Люси Бронзе, Со Юн Жи, Эллен Уайт , шилдэг дасгалжуулагчид Кортес, Виегман, Герхардсон, шилдэг хаалгачид Бергер, Эндлер, Нихэр гэсэн дарааллаар санал өгсөн байна.

Миний хувьд (сэтгүүлчээр) саналаа шилдэг тоглогчид Левандовски, Жоржиньо, Салах, шилдэг дасгалжуулагчид Манчини, Тухель, Флик, шилдэг хаалгачид Доннарумма, Менди, К.Шмейхель, шилдэг дасгалжуулагчид Манчини, Тухель, Флик гэсэн дарааллаар,

эмэгтэй шилдгүүдэд тоглогчид Хермоса, Бонмати, Синклэйр, дасгалжуулагчид Приестман, Кортес, Герхардсон , хаалгачид Лаббе, Линдаль, Бергер гэсэн дарааллаар саналаа өгсөн болно.

Сонирхолтой нь өнөө цагийн шилдэг хоёр хөлбөмбөгч болох Криштиану Роналдо, Месси нар шигшээ багийнхаа ахлагчийн хувьд мөн саналаа өгсөн.

Месси шилдэг тоглогчид Неймар, Мбаппе, Бензема , шилдэг дасгалжуулагчид Скалони, Манчини, Гуардиола нарт саналаа өгсөн бол "КР7" шилдэг тоглогчоор Левандовски, Канте, Жоржиньо, шилдэг дасгалжуулагчид Манчини, Тухель, Скалони гэсэн дарааллаар саналаа өгчээ.

Эцэст нь "The BEST FIFA men's player" шагналыг хоёр жил дараалан хүртсэн Левандовски (Польшийн шигшээ багийн ахлагч) өөрөө  шилдэг тоглогчид Жоржиньо, Месси, К.Роналдо, дасгалжуулагчид  Флик, Тухель, Гуардиола гэсэн дарааллаар саналаа өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top