Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Ердөө хоёрхон долоо хоногийн дараа , бүүр тодруулбал 2022 оны хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын Бээжин хотноо Өвлийн олимпийн XXIV наадам эхэлнэ.
Харин Олимпийн тосгон зочдоо нэгдүгээр сарын 27- ноос эхлэн хүлээн авах юм. Олимпийн XXIV наадмын спортын уралдаан тэмцээн явагдах гурван бүс ( Бээжин, Яньцин, Жанжхүү) тус бүрд Олимпийн тосгон баригдсан бөгөөд бүтээн байгуулалт таван жил үргэлжилжээ. "Бээжин-2022" Өвлийн олимпийн тосгон экологи, ногоон байгууламжид онцгой анхаарсан "ногоон бүтээн байгуулалтын" гурван одтой гэдгээрээ бардамнаж байгаа.
Олимпийн тосгоныг байгуулах явцад зөвхөн Яньцин дахь тосгонд гэхэд л 24 000 мод тарьсан гэхээр арга ч үгүй байх.
Аль Олимпийн тосгонд заавал байдаг хоолны танхим, кофе шоп, банк, фитнкс төв, бэлгэ дурсгалын дэлгүүр мэдээж бий. Фитнес, хоолны танхим 24 цагаар ажиллана. Хоолны цэсэнд 700 орчим хоолны сонголт байх бөгөөд Хятадын уламжлалт хоолноос эхлээд дэлхийн олон арван үндэстний хоол, амттанг зооглож болох ажгуу. Тэр ч бүү хэл цагаан хоолтнуудад зориулсан цэс ч бий гэнэ. Мэдээж хоол, унданд перц, лаврын навч зэрэг сэргээшийн шинжилгээнд нөлөөлж болохуйц 48 төрлийн амтлагчийг хориглосон байна.
Тосгон бүрт 18 тасаг бүхий ( түргэн тусламжаас эхлээд яаралтай мэс заслын тасаг хүртэл) эмнэлэг мөн байгаа.
Олимпийн тосгон дахь зочдын өрөө 1-2 ортой байх бөгөөд ор нь уртаашаа 2,2-2,4 метр болон сунадаг, өндөр нам болгож болдог гэнэ.
"Токио-2022" Зуны олимпийн тосгоны ор нь цаасан хавтангаар хийгдэж, дуулиан шуугиан үүсгэж байсан билээ.
Бээжин дэх Олимпийн тосгон 2300 ортой бол Яньцин дахь Олимпийн тосгон 1430 зочин, Жанжхүүгийн Олимпийн тосгонд 2640 тамирчин болон албаны хүмүүс байрлах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )