Н.ТӨГСЦОГТ  "Цөлийн шуурга”-тай тэнцлээ

Админ | Zindaa.mn
2022 оны 01 сарын 23

Ц.Энхтүвшин , "Таван цагариг"

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж (9КО), хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт  дөнгөж сая АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino, spa" цогцолборт ээлжит тулаанаа Намиби улсын боксчин "Цөлийн шуурга" хочит Сакариа Лукастай хийж, тэнцлээ.

Сакариа Лукас нь 2011 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 26 тулаан хийснээс 25 удаа ялалт (17 КО) байгуулж, нэг удаа оноогоор ялагдсан, WBO болон IBF холбооны 57,2 кг-ийн жингийн Африкийн аварга цол, бүс  WBA холбооны Пан Америкийн аварга цол, бүсийг эзэмшиж байсан ажээ.

Тулааны эхнээс Төгсөө санаачилгатай , идэвхтэй байсан. Эхний раундад өрсөлдөгчөө зүүн гарын хүчтэй цохилтоор нилээд тэнцвэр алдуулсан ч үргэлжлүүлж угсраа цохилт хийж амжилгүй завсарлага болсон. Хоёр , гурав дугаар раундад ч манай боксчин илүү тоглолоо. Дөрөвдүгээр раундад Лукас арга барилаа олсон бололтой идэвхтэй ажиллаж дуусгав. Харин тавдугаар раундад "King Tug" илүүрхсэн. Зургаа, долоо, наймдугаар раундад "Цөлийн шуурга" арай илүү ажиллаж, тулаан тун тэнцүүхэн болж ирлээ.

Сүүлийн хоёр раундад Төгсөө ялсаан, ялсан. Харин хэтэрхий хүлээгээд, урагш явж, ажиллах дээр санасанд хүртэл тулалдсангүй.

Showtime boxing-ийн мэргэжилтнүүдийн дүнгээр бол манай Төгсөө 6 раундад ялж, Лукасыг дөрвөн раундад илүү байсан гэж тооцсон. Мөн статистик үзүүлэлтээр манай хүн илүү байлаа. Төгсөө жэб цохилт 273 хийсний 66 нь оновчтой( 24%) , power буюу хүчтэй цохилт 144 хийсний 59 нь ( 41%) оновчтой , нийт 417 цохилтын 125 нь оновчтой( 30%) болсон бол Сакариа Лукасын хувьд jabs нь 288-аас 50( 17%), power нь 191 -ээс 61 нь( 32%) оновчтой, нийтдээ 479-ийн 111 нь оновчтой( 25%) болсон дүнг мөн Showtime boxing гаргалаа. Хэдийгээр энэ албан ёсны дүн бус ч манай Төгсөөг илүү байсныг харуулна.

За тэгээд эцсийн оноо, шийдвэрийг рингийн хажуугийн гурван шүүгч л гаргана даа. Ингээд тулааны дүнг зарлахад  гурван шүүгчээс нэг нь Лукаст( 96:94), нэг нь Төгсцогтод (96:94), харин гуравдахь шүүгч 95:95 оноогоор тэнцсэн гэж үзэж, рингийн шүүгч хоёр боксчны гарыг хоюуланг нь өргөлөө. Split draw буюу санал зөрөлдсөн тэнцээ гэсэн үг.( majority draw гэвэл хоёр шүүгч буюу олонхи тэнцсэн гэж үзсэн, харин unanimous draw гэвэл гурван шүүгч гурвуулаа тэнцсэн гэж үзсэн). Ер нь бол тулааны дүн, шүүгчдийн шийдвэр бол Лукаст ахадсан, Төгсөөд багадсан дүн л дээ.

Тулааны дараа Төгсцогтын хөл алдсаныг нокдаун биш үү хэмээн рингний шүүгч ( referee) Эдди Клаудиогоос олон сурвалжлагч, сэтгүүлчид асууж, хоргооход 20 жилийн хугацаанд 406 тулаан рингэнд дэнсэлсэн хашир туршлагатай шүүгч огтхон ч эргэлзэхгүй итгэлтэйгээр "Төгсцогт хөл алдаж унасан. Оновчтой цохилт бол биш. Нокдаун бол бүүр ч биш. Би л лав хараагүй. Хөл алдаж унаж байхад нь Лукасын гар хүрсэн байж магадгүй, би хараагүй" хэмээн тайлбарснаар олны эргэлзээ арилсан.

Манай Төгсөөгийн мэргэжлийн боксын амжилт ийн 15 тулааны дараа 12 ялалт(9 КО), 2 ялагдал, 1 тэнцээ боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.237) 2022 оны 01 сарын 23

Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ ав эсвэл явган алх.

0  |  1
Top