АНУ, НАТО Оросын саналд хариу хүргүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жон Салливан ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушкод аюлгүй байдлын баталгааны талаарх Оросын саналд бичгээр ирүүлсэн хариуг гардуулан өгчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ АНУ-ын засаг захиргаа Оросын саналд өгсөн хариугаа Украин болон Европын холбоотнуудтайгаа зөвшилцсөн гэж мэдэгджээ. Тэрбээр Москва энэхүү хариутай танилцсаны дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай ойрын өдрүүдэд уулзахаар төлөвлөж байна гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр, АНУ яриа хэлэлцээг хаалттай хаалганы цаана үргэлжлүүлэх боломж үлдээх үүднээс хариу баримт бичгийг олон нийтэд ил болгохгүй байхыг хүсэж байна гээд Оросын тал үүнд нухацтай хандана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Үүнтэй зэрэгцэн НАТО мөн Москвагийн зүгээс тавьсан саналд хариу хүргүүлсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн мэдэгдсэнээр, баримт бичгийг 30 холбоотон улс бүгд дэмжсэн байна. Тэрбээр Умард Атлантын эвсэл нээлттэй хаалганы бодлогоос ухрахгүй гээд улс орон бүрийн бие дааж, сонголт хийх эрхийг хүндэтгэнэ гэж онцолсон байна.

Германы мэдээллийн DPA агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, НАТО Оросын саналд томоохон буулт хийгээгүй байна. Тухайлбал, тус эвсэл дорно зүгт тэлэхгүй байх, Зүүн Европоос цэргээ гаргах шаардлагыг биелүүлээгүй байна. Өнгөрсөн оны сүүлээр Москва Брюссель болон Вашингтонд аюулгүй байдлын баталгааны талаар санал хүргүүлсэн билээ. Кремлийн зүгээс хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудтай цэргийн хамтын ажиллагааг зогсоох, эдгээр улсын нутаг дэвсгэрт цэргийн бааз байгуулахгүй байх, Оросын хил орчим цохилтын зэвсэглэл байрлуулахгүй байх, Европоос АНУ-ын цөмийн зэвсгийг гаргах, НАТО дорно зүгт тэлэхгүй байх гэсэн шаардлага тавьж байна. Үүний хариуг энэ долоо хоногт багтаан өгөх нөхцөлтэй байсан билээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад тавьсан шаардлага бүрт тодорхой хариу хэрэгтэй гэж онцлоод Оросын талын цаашдын алхам, яриа хэлэлцээг сэргээх эсэх нь АНУ, НАТО-гийн хариунаас шалтгаалах болно гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 01 сарын 27

Orosuud .Delhiin olgiarah ter bumtangudiin handiig hemeh darj bna daa.ANU ulsiin turiin bodolgiig saytanguud todorhoildog.tegeedej ashag haij dain hiideg yaduu buurai uls bolgond ardchilala erh chuluu enh taivan neriig barij .Byalagiig ni tsergiin hvcheer avdadag zuudug.Bas Delhiid Orosol busadiin tvremgiiliig hvcheer dardag gedegee gaihuulj 4 bolzol taviajee.Mash zuv.jOPON HVRTEL AIMHAI.Tokiodoo ANU tsergiin baaz baiguulchihsan.Hoid Solongos Oros.Hyatad 3 l delhiid enhe taivanii tuluu zogsoj bna.

0  |  0
Top