Казинод орсон сүмочийн шийтгэл BAR орсон Асаноямагаас хөнгөхөн байв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр (2022.01.27) болж, Сайтама мужийн нууц казинод мөрийтэй тоглосон хэргээр Кисэ дэвжээний дээд зиндааны бөх Хидэноүми, жюүрёогийн Шидэн нарт шийтгэл оноолоо.

Хидэноүмид 1 башё барилдах эрхийг нь хасаж, 2 сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасаж, Шидэнд сануулга, Кисэ оякатад хатуу анхааруулга өгсөн байна. Хидэнүми нэгдүгээр сард барилдаагүй тул Хаврын тэмцээнээс барилдаж болох юм.
 

Холбооноос “Хидэноүми казинод хоёрхон удаа орсон, бооцоонд тавьсан мөнгө нь 100 мянган иэнээс хэтрээгүй тул байнга үйлчлүүлдэг байсан гэж үзэхгүй. Шидэн тэр үед макүшитад Хидэноүмигийн туслах байсан болохоор дагалдаж явсан байсан” гэж шийдвэрээ тайлбарлалаа.

Харин энэ шийтгэл нь сүмогийн ертөнцөд олон эргэлзээ төрүүлээд байгаа юм. Холбооны нэгэн ояката хэвлэлд ярилцлага өгөхдөө  “Хэт хөнгөн шийтгэл байна. Коронавирусний хөл хориог зөрчсөн бөхөөс хөнгөн юм. Ер ойлгохгүй байна” гэж хэлсэн байна. Үнэхээр казино Японд хуулиар хориглогдсон, якүза л нууц казино ажиллуулдаг төдийгүй дээрх хоёр бөх Цагдаагийн газарт шалгагдаж байгаа.

Өнгөрсөн жил Сүмогийн холбооноос тогтоосон хөл хориог зөрчин, гадуур цэнгээний газраар явсан Аби 3 тэмцээн, озэки Асанояма 6 тэмцээн барилдах эрхээ хасуулж байсан. Аби өмнө нь хэрэгт орооцолдож байсан, Асанояма эхлээд худал мэдүүлэг өгсөн учир ял нь хүндэрсэн гэж холбоо тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ хоёр бөх холбооны дүрмийг зөрчсөн болохоос Японы хууль зөрчөөгүй. Асанояма ирэх долоодугаар сарын тэмцээнээс барилдаж эхлэхдээ  санданмэд унасан байх болно.

Сүмогийн холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаяма “Цар тахлын үед хөл хорио зөрчин гадуур яваад халдвар авсан бол тэмцээнд орж, үзэгчид, бөхчүүдэд тараах аюултай байсан. Харин казинод орлоо гээд тийм аюул байхгүй” гэж шийдвэрээ зөвтгөсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.10) 2022 оны 01 сарын 28

Манай допингийн шийтгэл шиг л юм болж дээ, гэхдээ японууд манай ундэсний бехийнхен шиг тэнэгтэхгуй байх оо

0  |  0
Top