XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.31) эхэллээ.
Өнөөдөр нэг, хоёрын даваа үргэлжлэх бол маргааш 14:00 цагаас гурвын даваа эхэлнэ. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч нарын хүчит 256 бөх зодоглож байна.
Допингийн зөрчилд оноосон шийтгэл нь дууссан ч бөхчүүд болон үзэгчдийн зүгээс зарим эсэргүүцэлтэй тулгарсны улмаас улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын бөхчүүд сар шинийн өмнөх барилдаануудад зодоглож чадаагүй билээ. Тэгвэл эдгээр бөхчүүд цагаан сарын барилдаанд ч мөн гарсангүй.
Улсын аварга Н.Батсуурь өчигдөр "Сар шинийн барилдаанд зодоглоно" хэмээн фэйсбүүк хуудаснаа мэдэгдсэн ч Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны зүгээс түүнд "Бүртгэх боломжгүй" гэсэн хариу өгсөн юм.
Тодруулбал, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Цагаан сарын битүүнд зориулсан бөхийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших гурав маань барилдахгүй. Сар шинийн барилдаан бол төрт ёсны барилдаан. Монгол түмний Сар шинийн битүүний барилдаан нь бэлгэдлийн барилдаан байдаг учраас бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аварга надтай холбогдож, ярьсан. Дараагийн барилдаанд оролцоод явахыг зөвшөөрч, "Тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэр гаргаад өгөөсэй" гэх хүсэлтийг тавьсан. МҮБХ-ны тэргүүлэгчид нэгдүгээр сарын 21-ний өдрийн хурлаар энэ удаагийн барилдаанд дээрх нэр бүхий бөхчүүдийг оруулахгүй байя гэж шийдсэн" гэсэн тайлбарыг өгч байв.
Тэгвэл өнөөдрийн барилдаанд аварга Н.Батсуурь хүрэлцэн ирсэн бөгөөд барилдааны эхэнд МҮБХ-ны тэргүүнтэй индэр очиж уулзан, өөрийг нь цагаан сарын дараагаас заал, танхимын барилдаанд зодоглуулна гэсэн Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр хэвээрээ эсэхийг лавлаж, уг шийдвэр дээр Тэргүүлэгчдийн гарын үсгийг зуруулахыг хүсэж байгаагаа уламжлаад, "Уг нь би барилдах гэж ирсэн. Гэхдээ МҮБХ-той ярилцаж, ойлголцсоны дагуу ард түмнээ хүндлээд, өнөөдрийн барилдаанаас нэрээ татаж байна" гэдгээ илэрхийлсэн юм.
Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 2 )