Японы сүмо бөхийн холбооноос шинэ озэкм Митакэүмиг коронавирусний халдвар авсныг зарлалаа. Нэгдүгээр сарын 31-эд 39 хүртэл халуурч, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарчээ.
Митакэүми нэгдүгээр сарын 29, 30-нд дараалан хоёр өдөр Гоэйдо, Точиозан нарын зодог тайлах ёслолд оролцсон.
Зодог тайлсан бөхчүүдийн үсэнд хайч хүргэж, ёкозүна Тэрүнофүжитэй барилдсан.
Холбооны хэвлэл хариуцсан Шибатаяма ояката “Барилдлаа гээд ойрын хавьтал болохгүй ч хувцас солих өрөөнд амны хаалтгүй ярьж суусан бол хавьтал. Бид түүнээс Сүмогийн ордонд хэн, хэнтэй уулзсаныг нь тодруулж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Зодог тайлах ёслолд оролцсон бүх бөхчүүдийг шинжилгээнд хамруулах болжээ.
Энэ сарын 5-нд сэкивакэ асан Ёшиказэгийн зодог тайлах ёслол, 6-нд Фүжи телевизийн нэрэмжит барилдаантай тул наана нь бөхчүүд дунд халдвар тарсан эсэхийг тогтоох шаардлага гараад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )