Мичинокү ояката: Дараагийн ёкозүна бол Хоошёорюү

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Мичинокү ояката буюу озэки асан Киришиматай Японы Daily Sports сонины сэтгүүлч уулзан ярилцжээ.

Сүмогийн ертөнц шинэ озэкитой болоод удаагүй байна. Митакэүми бол өрсөлдөгчөө ганц түлхэлтээр дохёноос гаргаж чадах хөл сайтай, ур чадвартай бөх. Ирэх тэмцээнээс түүний барилдааныг бүгд сонирхон үзэх болно. Гэхдээ сүмогийн ертөнцийг бүхэлд нь аваад үзвэл том цолтнууд тогтмол сайн барилдаж байна гэж хэлэхэд хэцүү байгаа.

Ёкозүна Тэрүнофүжигийн өвдөгний гэмтэл санаа зовоосон хэвээр. Озэки Такакэйшёо гэмтэл ихтэй, Шёодай уналтын замдаа нэгэнт орсон. Тийм болохоор Митакэүмид их найдлага хүлээлгэж байгаа ч ёкозүна Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нарын үетэй харьцуулахад үнэхээр дутагдалтай байгаа нь хэнд ч илт.

Энэ байдлаас гарах ганц л гарц бий. Дараагийн ёкозүна, озэки болох сайн залуучууд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маш хүчтэй, сэтгэл зүй сайтай шинэ супер од шаардлагатай. Ийм бөх одоогийн сүмогийн ертөнцөд байгаа юу? Энэ талаар бид Мичинокү оякататай ярилцсан юм.

-Митакэүмигийн дараа озэки болох, ёкозүна цол хүртэх бөхийг бөх сонирхогчид хүлээж байна. Ояката таны бодлоор хэн энэ шаардлагыг хангаж байна вэ?

- Хоошёорюү гэж би бодож байна. Хаврын тэмцээнд комүсүби болох байх.Магадгүй энэ жил озэки болж магадгүй шүү.

-Сүүлийн үед түүний царай зүс, төрх нь Асашёорюү ахтайгаа их адилхан болоод байгаа. Коронавирус гарахаас өмнө Хоошёорюү танай дэвжээнд бэлтгэл хийсэн. Та тэр үед түүний яаж бэлтгэл хийж байгааг нь хараад ирээдүйтэй бөх гэж бодсон хэрэг үү?

-Тиймээ. Хоошёорюүгийн сайн тал бол маш дайчин, зоригтой. Нүүрэнд нь хэнд ч ялагдахгүй шүү гэж бодож байгаа нь илрэн гардаг. Асашёорюүгийн дүү болохоор тэр үү,  ямар ч гэсэн төрөлхийн дайчин. Манай дэвжээнд бэлтгэл хийхээр ирэхдээ макүшита зиндааны бөх байсан ч жюүрёогийн Кирибаямад ялагдчихаад уйлж байсан залуу.

-Хоошёорюү 187 см өндөр ч 132 кг жинтэй. Арай л жижиг санагдах юм.

-Жин нэмэхэд хэцүү зүйл байхгүй. Арав гаруй кг нэмээд 150 кг болоход хэнд ч ялагдахгүй хүчирхэг болох нь гарцаагүй. Озэки битгий хэл ёкозүна цолны төлөө дайрахад болно.

-Хөл сайтай, маш олон мэхтэй, ялангуяа хөл мэх сайтай сүмоч. Нэгдүгээр сарын тэмцээнд тун сайн байсан Абиг тачиай дээр ганц түлхээд л гаргаж байсан. Та барилдааныг нь хэрхэн дүгнэж байна?

-Эцэж цуцахгүй, хөл маш сайн тул ганц түлхээд л дайрч чадна. Янз янзын мэх хийнэ. Гэхдээ шидэх, мушгих зэрэг мэх хийхгүй бол илүү хүчтэй болж чадна.

-Яагаад?

-Бужигнаад л элдэв мэх хийхээ больчихвол барилдаан нь тогтвортой, ялах магадлал улам илүү болно. Сандрах хэрэггүй болж, гэмтэл авах эрсдэл багасна. Цүппари хийгээд дайрч болж байна, мавашины барьц аваад түлхэн дайрахад болж байна. Асашёорюүтэй адилхан  зүйл түүнд бий.

-Танай дэвжээний Кирибаяма ч гэсэн ирээдүйтэй бөх.

-Манай Кирибаямад Хоошёорюү шиг хэнд ч ялагдахгүй, алалцана гэсэн сэтгэл зүй дутуу. Энэ тал дээр Хоошёорюүгээс суралцах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(66.181.160.93) 2022 оны 02 сарын 05

***

4  |  1
Top