Энэ сарын 12-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн том шоу болно. Шоунд эрэгтэй чөлөөт бөхийн АНУ, Иран, эмэгтэй чөлөөтийн АНУ, Монголын шигшээ багийн халз тулаанаас гадна Айова, Оклахома их сургуулийн багууд өрсөлдөх байсан юм.
Харамсалтай нь Ираны бөхийн холбооноос бөхчүүдээ АНУ-д илгээхгүй байх шийдвэр гаргажээ. Тус холбооны тэргүүн Алиреза Дабира Америкийн бөхийн холбооны ерөнхийлөгч Брюс Баумгартнерт захидал илгээн, энэ талаар мэдэгджээ.
Захидалд “АНУ-ын Засгийн газраас манай хоёр бөх, дасгалжуулагч, шүүгч болон миний биед виза олгосонгүй. Тийм болохоор халз барилдааныг цуцлахаас өөр арга байсангүй. Та болон америк бөхчүүд энэхүү улс төрийн тоглоомд ямар ч хамаагүй гэдгийг би ойлгож байна. Танай холбооноос урилга хүлээн аваад бид ихэд сонирхсон. Учир нь энэ барилдаан хэн хэнд нь хэрэгтэй, ач тустай тэмцээн байлаа. Манай тамирчид Америкт очиж болохгүй байгаа тул АНУ-ын шигшээг Иранд урьж байна. Иранчууд та бүхнийг баярлан угтах болно” гэж бичжээ.
Ираны баг Дубай дахь АНУ-ын Консулын газарт виза хүсэлт гаргасан бөгөөд Консулын газраас яагаад виза өгөөгүй шалтгаанаа тайлбарлаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )