Виктор Ан Хятадын багийн дасгалжуулагч болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Сүүлийн үед гадаадын тамирчид ОХУ-ын иргэн болж, В.Путинээс паспорт гардан авдаг моод дэлгэрээд байгаа. Ихэнх нь үе нь өнгөрсөн ахмад тамирчид ч Өмнөд Солонгосын Виктор Ан бол өөр. Ан бол шинэ эх орондоо маш  их тус болсон хүн. “Шорт трекийн хаан” Ан Хен Су нутагтаа ад үзэгдэн, “орох оронгүй” болоод байхдаа 2011 онд ОХУ-ыг сонгосон. Тэр иргэншлээ солиод зогсоогүй, нэрээ ч бас орос болгосон. “Ялагч” гэсэн утгатай Виктор нэрийг солонгос гаралтай Оросын алдарт дуучин Виктор Цойн дурсгалд зориулан авсан. Үнэхээр ч тэр ялагч нэрээ Сочигийн олимпод яруу тодоор батлан харуулсан. Түүний авсан 3 алт, 1 хүрэл медаль ОХУ-д тун хэрэг болсон тул Засгийн газраас Аныг “Эх орныхоо төлөө” одон, БХЯ-ны медалиар шагнаж, Санкт-Петербург хотод 3 өрөө байр өгч байлаа.

Харин олимпын дараа амжилт нь буурч, 2017 онд Европын АШТ-ий хүрэл, 2018 онд мөн тус тэмцээний мөнгөн медаль хүртсэн юм. Уугуул нутагт нь болох Пёнчаны олимпод оролцохоор бэлтгэж байсан боловч орос тамирчдын допингийн хэргээр хасагдсан. Ингээд тэр зодог тайлснаа зарлаж, БНСУ-даа харьсан билээ. 2019 оны эхээр Бээжингийн олимпод оролцоно хэмээн мэдэгдэж, Дэлхийн Цомын хоёр гараанд түрүүлсэн ч цар тахал эхлэснээр энэ удаад бүр мөсөн зодог тайлсан.

Түүнээс ОХУ-ын шорт-трекийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахыг хүссэн ч зөвшөөрөөгүй. Гэвч тэр Бээжингийн олимпод Хятадын шигшээ багийн туслах дасгалжуулагчийн хувиар хүрч иржээ. Аны ярьснаар хятадууд анх 2019 онд түүнд санал тавьсан гэнэ. Маш их мөнгө амласан ч Ан татгалзаж байжээ. Харин 2020 онд Хятадын баг түүнд татгалзах аргагүй санал тавьсан нь 300 мянган еврогийн цалин байлаа. Мэдээж тэр татгалзаагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top