А.Энхтуул , Б.Ачбадрах нар эхний зайдаа уралдлаа

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

-Б.АЧБАДРАХ Олимпын аварга А.Большуновын “дээр” бичигдлээ

 “Бээжин-2022” Өвлийн  олимпын XXIV наадмын гүйлтийн цанын төрөлд оролцож буй манай хоёр цаначин өнөөдөр эхний зайдаа буюу спринт (1,5 км) -д уралдлаа.

Эмэгтэйчүүдийн спринт (богино зай)-д 91 тамирчин гараанаас гарахаар бүртгүүлсэн байсан 90 нь уралдааны замд гарлаа. БНСУ-ын цаначин гараанаас гарсангүй.

Манай А.Энххтуул 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав.

1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт бичигдлээ. Манай ард Армен, Латви, Литва, Аргентин, Бразил, Турк, Литва, Грек, Бразил, Грек, Босни, гараанаас гараагүй БНСУ-ын цаначин гэээд нийт 12 тамирчин бичигдлээ.Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно.

Хоёр дахь олимпдоо оролцож буй Б.Ачбадрахын уралдсан эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд 90 тамирчин бүртгүүлснээс 88 цаначин гараанаас гарч Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.

Манай тамирчин Б.Ачбадрах 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Манай тамирчны ард Исланд, БНХАУ, Турк, БНСУ-ын хоёр цаначин, Грек, Монтенегро, Чили, Македон, Ливан, Колумбын болон гараанаас гараагүй Беларусь, Оросын олимпийн хорооны тамирчид бичигдлээ. Оросын ОХ-ны тамирчин нь "Бээжин-2022"-д 15 км-ийн скиатлонд түрүүлж Оросын багийн анхны алтан медалийг авчирсан Александр БОЛЬШУНОВ. Тэрбээр уралдааны өмнө өөрийн хүсэлтээр (бусад зай төрөлд уралдах тул амралт хэрэгтэй гэж үзсэн) гараанаас гарахаас татгалзжээ.

Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих болно.

Гэрэл зургийг Д.Нямбилэг, С.Энхжаргал( Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 09

сүүлдэж ирсэндээ баярлаад байгаа юм уу хаашаа юм вэ

0  |  0
Top