月刊相撲
Ямагүчи Адо
Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээний өмнө Тагоноүра, Нишикидо дэвжээнд коронавирусний халдвар гарсан тул маэгашира Такаясү, жюүрёо зиндааны Миторюү хоёр Хацү башёд барилдаагүй. Тиймээс ирэх Хаврын тэмцээнд энэ хоёр бөхийн банцүкэ өөрчлөгдөхгүй юм.
Сэкивакэ Митакэүми нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн. Уг нь озэки цолны болзол сонсоогүй байсан ч 13 давж, 2 унасан, гурав дахь түрүүгээ авсан тул түүнд озэки цол өгсөн билээ.
Санякү бөхчүүдээс Митакэүмигээс бусад нь 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй. Баруун жигүүрийн сэкивакэ Таканошёо 7 даваатай учир ирэх тэмцээнд комүсүби дээр тогтох байх. Митакэүми озэки болсон тул нэг зай онгойж, санякү буюу сэкивакэ, комүсүбид гурван бөх шинээр дэвших нь. Сэкивакэд Вакатакакагэ, Аби хоёр дэвшиж, манай Хоошёорюү комүсүби болох болов уу. Гэхдээ Хоошёорюү өнгөрсөн тэмцээнд Тэрүнофүжи, Митакэүми хоёртой барилдаагүй тул Оношёо комүсүбид дэвших магадлал бий.
Маэгашира нарын дээд хэсэгт жагсах бөх олон байгаа учир Үра, Ичиножёо, Тамаваши нар Хацү башёд 50 хувийн амжилт үзүүлсэн ч ирэх банцүкэд байрандаа үлдэх болно. Доод хэсэгт ч 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй бөхчүүдийн банцүкэг бууруулахгүй байхаас өөр арга байхгүй, шахуу байдалтай байна. Найм давсан Котоэко, Аойяма, жюүрёод түрүүлсэн Котошёохо нарыг маэгаширагийн 10, 11 болтол ахиулахгүй бол 50 хувийн амжилт үзүүлээгүй бөхчүүдийн банцүкэ дээшлэх гээд хэцүү байдалтай байна.
Дээд зиндаанаас унах сүмоч гэвэл Кайсэй, Хидэноүми, Цүрүгишёо, Ичиямамото, Оохо гэсэн таван бөх. Жюүрёогоос дээшлэх нь Котошёохо, Нишикиги, Кагаяки, Кодокүзан нар. Үлдсэн нэг зайнд барууны тав дээр 9 давсан Азүмарюү дэвших нь. Эсвэл Оохо уналгүй дээд зиндаандаа үлдэнэ.
Жюүрёогоос унах бөх Шидэн, Чиёоноо, Асанояма, Чиёоараши, Котоюүшёо. Макүшитагаас найдвартай дэвших нь Рюүдэн, Атамафүжи хоёр. Шимацүүми, Такакэнто, Точимарү нар үлдсэн гурван зайд орох магадлалтай.
Сэтгэгдэл ( 0 )