Цар тахлын үеийн цахим “дайнтай” Бээжингийн олимп

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Манай өмнөд хөршийн нийслэл Бээжин хот хоёр дахь удаагаа олимпын наадмыг хүлээн авч байна. 14 жилийн өмнө Зуны олимпыг зохион байгуулж байсан бол энэ удаад Өвлийн наадам айлчлан ирлээ. Ийнхүү Бээжин өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна. “Бээжин 2022” олимпод 91 орны 2871 тамирчин спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Спортын төрлүүд: Биатлон, бобслей, уулын цана, керлинг, цанын хоёр төрөлт, гүйлтийн цана, трамплин харайлт, чарга, скелетон, сноуборд, уран гулгалт, фристайл, хоккей, шорт-трек.

Наадам эхлэхээс хоёр жилийн өмнө дэлхий дахин COVID-19 хэмээх цар тахалтай нүүр тулгарсан. Хятадын Засгийн газраас олимпын өмнө халдварын аюулыг бүрэн дарах “Тэг, ковид” төлөвлөгөө боловсруулсан ч Омикрон гэх шинэ хувилбар гарснаар биелсэнгүй. Бээжинд ирсэн гадаадын төлөөлөгч, тамирчин нараас халдвар илэрсээр байна.

Ковидийн эсрэг арга хэмжээ

Олимпод оролцогч бүх хүн Бээжингийн нисэх буудалд буугаад шинжилгээнд орж байгаа. Мөн очихоосоо 72 цагийн дотор өгсөн сөрөг шинжилгээний хариу, эсвэл тусаад эдгэрсэн гэсэн эмнэлгийн баримттай байх ёстой. Одоогийн байдлаар албаны болон тамирчин нийт 150 хүн Бээжинд очсон хойноо халдвартай нь тогтоогдож тусгаарлагдсан. Тэд Хятадын шинжилгээ хэт нарийн байна гэж заргалдсан ч хатуу чанга хуультай Хятадад яаж ч чадаагүй, зарим нь олимпод оролцож чадаагүй билээ. Ямар тохиолдолд тамирчин олимпоос хасагдах вэ? Эхний хариу эерэг байлаа гээд тамирчны хувьд наадам өндөрлөхгүй. Юуны өмнө түүнийг тусгаарлах байранд оруулж, дахин шинжилгээ авна. Энэ шинжилгээний хариунаас бүх юм шалтгаална. Сөрөг гараад, шинж тэмдэг байхгүй бол Олимпын тосгондоо очиж, тэмцээндээ оролцож болно. Харин хариу эерэг ч шинж тэмдэг үгүй бол тухайн тамирчин тусгаарлах байрандаа үлдэж, нэг хоногийн зайтай хоёр сөрөг хариу гартал байх юм. Хоёр сөрөг хариугаа аваад “хавьтагч” гэсэн статустай болно. Хавьтагч “этгээд” долоо хоногийн турш 12 цаг тутам шинжилгээ өгнө. Тэмцээн уралдаанд оролцож болно. Харин хариу эерэг, шинж тэмдэг илэрч байвал эмнэлэгт эмчлүүлнэ. Гурав хоног халуурахгүй, хариу сөрөг, шинж тэмдэг арилсан цагт тэмцээнд орж чадах ч цаг хугацааны хувьд ихэнх нь амжихгүй байна.

Энэ удаагийн олимпын нэгэн гол онцлог нь цар тахлаас гадна цахим дайн, маргаан маш ихтэй. Цахим дайн ихэвчлэн Хятад, Япон, Өмнөд Солонгос гэсэн олон нийтийн сүлжээ нь нийгэмд ихэд нөлөөлдөг улс орнуудад болж байна. Өөрөөр хэлбэл тэд хоорондоо дайтаж байна гэхэд болно.

Ханбуг буюу Солонгос Хятадын эзэмшил үү?

Цахим дайн Олимпын нээлтийн ёслолоос эхэлсэн. Ёслолын үеэр Хятадын 56 үндэстний төлөөлөл Хятад улсын төрийн далбааг гараас гарт дамжуулан аялуулсан. Тэдний дунд БНСУ-ын үндэсний хувцас болох ханбуг өмссөн эмэгтэй зогсож байсан нь солонгосчуудын эгдүүцлийг хүргэжээ. Хятад улс ханбугийг өөрсдийн үндэсний хувцас хэмээх сэтгэгдлийг дэлхий нийтэд төрүүлэхийн сацуу ханбуг өмссөн эмэгтэйг үндэсний цөөнх хэмээн илэрхийлсэнд Өмнөд Солонгосын иргэд ихэд хилэгнэсэн. Хариуд нь  Хятадын хамгийн том сайтуудын нэг болох Baidu дээр "Ханбуг нь Хятадын ханфугаас гаралтай, кимчи нь хятад даршилсан ногоо болох пао цайгаас гаралтай" хэмээн бичсэнээр талууд цахим ертөнцөд сэтгэгдлээр дайтсан билээ.

Америк гаралтай хятад охин ад үзэгдэв

Өвлийн олимпын эхний хэдэн өдөр уран гулгалтын багийн тэмцээн болсон билээ. Тун өрсөлдөөнтэй сайхан явагдсан тус тэмцээнд ОХУ түрүүлж, АНУ удаалан, Японы баг хүрэл медаль хүртсэн. Хэдийгээр дэлхийн зиндааны сайн тамирчидтай байсан ч нутгийн эзэн Хятадын баг медаль хүртэж чадаагүй. Үүний гол буруутнаар хятадууд эмэгтэй ганцаарчилсан төрлийн тамирчин Чжу И-г тодруулж, цахим сүлжээгээр дайрч эхэлжээ. Чжу И багийн тэмцээнд оролцохдоо унаж, хашлага мөргөн, оноо хасуулж, багийн амжилтаас хойш татсан. Одоо балиашгууд Чжу-г америк гаралтайг нь “дурсан санаж”, яагаад гадаад гаралтай этгээд агуу Хятад орны шигшээ багт багтав хэмээн загнаж байна. 

“Хэрэгтэн” болоод байгаа Чжун И 19 настай. Америкийн Калифорнид төрж, өссөн бөгөөд өмнө нь Беверли Чжу нэртэй байжээ. АНУ-ын УАШТ-д түрүүлснийх нь дараа Хятадын уран гулгалтын холбооноос түүнд өвөг дээдсийнхээ нутгийн өмнөөс уралдах санал тавьсан байна. Ингээд охин АНУ-ын иргэншлээс татгалзаж, Хятадын олимпын багт оржээ. Түүнийг унасны дараа Хятадын Weibo сүлжээнд #ZhuYiFellOver хэштег гарч, хэдхэн цагийн дотор 200 сая хүн үзсэн байв. Удалгүй сүлжээнээс унаж байгаа бичлэгийг нь устгасан ч #ZhuYiMessedUp хэштег хэвээр үлдэж, хүмүүс муулсан сэтгэгдлээ бичсээр байна.

Сэтгэгдлээс дурдвал:

-Америк гаралтай хүнийг олимпын багт хэзээ ч авч болохгүй.

-Шигшээ багт Хятадад төрсөн хүнийг л сонгох ёстой.

- Чэнь Хунъиг сонгох ёстой байлаа.

-Маш их дарамт, шахалттай байлаа л гэх юм. Шигшээ багт орсон бүх тамирчин дарамттай байдаг.

-Эх орон, үндэсний үзэл гэж ярихаасаа өмнө Чжу И хятад хэлээ сайн сурах хэрэгтэй.

-Профессор аавынхаа арын хаалгаар шигээд орсон.

-Ийм шившигтэй гулгалт анх удаа харлаа.

Хятад, Солонгосын дайны үргэлжлэл

Бээжингийн олимпын шорт-трекийн холимог буухиан төрлийн шигшээ 16 багийн уралдаанд таарсан Хятад, Өмнөд Солонгосын багууд мөсөн дээр зодолдох шахсан. Хятад тамирчид өрсөлдөгчөө түлхэж, татаж чангаахаас гадна талбайн тэмдэглэгээ шидэж, унагааж байгаа нь тэмцээний дараа бичлэгээс ил болсон. Ялагдсан солонгосчууд тэмцээнээс хасагдаж, ялалт байгуулсан Хятадын баг цааш явсаар, түрүүлсэн юм. Өмнөд Солонгосын баг зарга мэдүүлсэн ч ОУОХ-ноос авч хэлэлцээгүй. Ингээд дайн цахим ертөнцөд шилжсэн юм. Тус уралдаанд оролцсон Солонгосын тамирчин Квак Юн Гигийн олон нийтийн сүлжээний хаягуудад Хятадаас маш олон дайралт ирж байгаа гэнэ. Англи, хятад, солонгос хэл дээрх сэтгэгдлийн ихэнх нь “Жижигхэн орны буурай тамирчин”, “Хэн ч танихгүй хөгийн амьтан”, “Солонгос эрчүүд иймэрхүү” гэх зэрэг доромжлол байгаа тул Квак хувийн хуудсаа хаажээ.

Ханюгийн фэнүүд Андрейг алахаар сүрдүүлэв

Олимпын уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр болж өнгөрсөн. Олимпын наадамд гурав дахь удаагаа түрүүлэхээр ногт ганзгалан очсон Японы Юзүрү Ханю алдаа гаргаж, наймдугаар байрт бичигдсэн. Өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрээр тэр хэчнээн сайн гулгаад ч алтан медаль авах найдлага тун бага байгаа. Шүтээн нь медальгүй хоцрох аюулд учирсны гол буруутныг япончууд олсон. Энэ нь Оросын тамирчин Андрей Мозалев байлаа. Ханю дөрвөлсөн эргэлт хийхээр үсрэх гэж байгаал мөсөн дээрх нүхэнд тээглээд больсон. Үүний улмаас их оноо хасуулсан юм. Яагаад тэгшхэн сайхан мөсөн дээр нүх гарсныг бичлэг ухраан судлатал орос залуу бие халаалт дээр огцом зогсохдоо гаргасан болж таарчээ. Ингээд япончууд түүн рүү довтолж эхэлсэн. Нутагт чинь очоод ална, чамаас болж Ханю медальгүй үлдэх нь, хөгийн орос новш зэрэг олон доромжлолын дараа Андрей инстаграмаа хаахаас өөр аргагүй болжээ.

Камила Валиева 15 настай нь буруудав уу?

Уран гулгалтын багийн тэмцээнд Оросын баг түрүүлэхэд 15 настай Камила Валиева гол үүрэг гүйцэтгэсэн. Тэдний гол өрсөлдөгч АНУ-ын баг байсан бөгөөд америк мэргэжилтнүүд Валиевагийн ур чадварыг өндөр үнэлсэн юм. Харин жирийн спорт сонирхогчдын хувьд огт өөр бодолтой байлаа. Тэд бяцхан охиныг 4 жилийн дараа зодог тайлсан байх болно гэж бараг хараан ерөөсөн юм. Зарим сэтгэгдлээс танилцуулбал:

Sunshine145: Дөрвөн жилийн дараа өөр нэг орос охин гараад ирчихсэн байх болно. Валиева тэр үед зодог тайлчихсан байх биз ээ.

whinnerypooh: Би дасгалжуулагч Этериг Оросын мөсний хатан хаан болсноос хойш уран гулгалт үзээгүй. Би Америкт амьдардаг орос хүн. Этери бол залуу охидоос хамаг шим сорыг нь сорж аваад ундааны сав мэт хаяж орхидог хүн. Одоо дэлхий тэр чигээрээ Камилаг шүтэн биширч байхад Этери дараагийн хэдэн жилд ашиглах шинэ охиноо хайж байгаа байх. Уран гулгалтын охид улам залуужаад байна.

m10488: 2018 онд Алина Загитоваг мөн л ингэж магтаж байлаа. Одоо тэр хаана байна? Орос охид маш эрт зодог тайлж байна.

selfimprovementbitch: Дөрөвхөн жилийн дотор спорт өөрчлөгджээ. Камила дөрвөлсөн үсрэлт гурван удаа, гурвалсан харайлт хоёр удаа хийж байна. Бусад орос охид ч дөрөв эргэсэн үсрэлт хийж чаддаг ч Камила илүү тогтвортой, алдаагүй гүйцэтгэдэг. Гэхдээ түүний техник төгс биш. Валиева олимпын жилд 15 настай байсныхаа ачаар түрүүллээ.

Peliquin: Сайхан харагддаг ч үсрэлт нь төгс биш. Алдаа ихтэй.

ForeverWillow: Эргэж байгаа нь таалагддаг ч үсрэлтийн техник тааруу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top