Камила ВАЛИЕВАГИЙН өмнөх од охидын хувь заяа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Юлия ЛИПНИЦКАЯ, Оксана БАЮЛ, Тара ЛИПИНСКИ гээд арван хэдхэн насандаа алдрын тавцанд гарсан охин уран гулгалтын ертөнцөд олон байсан.

Тэдний хувь заяа янз бүрээр өрнөсөн. Нэг хэсэг нь алдар хүндийн ачааг даагаагүй бол нөгөө хэсэг нь одоо ч уран гулгалттай холбоотой хэвээр.

ЕЛЕНА ВОДОРЕЗОВА (ОХУ)

ДАШТ, Европын аваргын медаль хүртсэн ЗХУ-ын анхны тамирчин.
 


Агуу Станислав Жукийн шавь Елена анхныхаа олимпод 1976 онд 12 настайдаа оролцож, 12 дугаар байр эзэлж байв.  Гэхдээ тэр уран гулгалтын ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн түүхтэй. Елена эрэгтэй, эмэгтэй уран гулгалтад анх удаа 2, 3 үсрэлттэй каскад хийж, эмэгтэйчүүдээс анх удаа гурван удаа 3 эргэлттэй үсрэлт хийсэн юм. 21 настайдаа полиартрит өвчний улмаас зодог тайлсан. Дараа нь дасгалжуулагч болж, Сочигийн олимпийн аварга Аделина Сотниковаг хүмүүжүүлэн гаргасан билээ. Одоо Мария Сотскова, Елена Радионова нарын багш.

ОКСАНА БАЮЛ (УКРАИН)

1993 оны дэлхийн аварга, “Лиллехаммер-1994” олимпийн аварга.
 


Украин тамирчны замнал хурц ч тун богинохон байлаа. 1992/1993 оны улиралд тэр 15 настайдаа дэлхийн аварга болж, ирэх жил нь 16 насандаа олимпийн аварга болсон. Тэр олимп Америкийн 24 настай Нэнси Кэрриганы оргил үе байсан ч Оксана техникийн хувьд илүү байлаа. Олимпийн дараа тэр их спортыг орхиж, АНУ-д шилжин амьдарсан. Архи ууж эхлэн, машины осол гаргаж, тэнсэн харгалзах ял авч байлаа. Украинд буцаж ирээд уран гулгалтын сургууль байгуулах гэсэн боловч дасгалжуулагч багш, төрийн түшмэлүүдтэй хэл амаа ололгүй Америкт эргэн очсон. Одоо тэр бизнес эрхэлж, англи хэл дээр хоёр ч ном гаргаад байна.

МИШЕЛЬ КВАН (АНУ)
 


Кван 1996 онд 15 настайдаа дэлхийн аварга болсон. Тэр үед уран гулгалтын тамирчдад насны хязгаар байдаггүй байсан тул Кван 12 настайдаа ч олимп, ДАШТ-д оролцож болох байлаа. Гэхдээ 1994 оны олимпод шигшээ багт түүнийг биш Нэнси Кэрриганыг сонгосон юм. Кван АНУ-ын АШТ-д хаанчилж, ДАШТ-д дөрөв дараалан түрүүлсэн ч олимпийн аварга болох хувь заяа түүнд байсангүй. Наганогийн олимпод тэр нутаг нэгт бяцхан охин Тара Липинскид ялагдсан бол 2002 онд Солт-Лейк-Ситид Сара Хьюз аварга болсон. Кван “Турин 2006” наадамд оролцох байсан ч гэмтлийн улмаас зодог тайлсан билээ. Мөсөн дээрх шоунд оролцож байгаад 2013 онд гэрлэж, олон нийтийн зүтгэлтэн болжээ. Өнгөрсөн сард охинтой болсон.

ТАРА ЛИПИНСКИ (АНУ)
 


1997 оны дэлхийн аварга, "Нагано-1998” олимпийн аварга.

Липински 14 настайдаа дэлхийн аварга, 15 настайдаа олимпийн аварга болсон. Ингээд л шууд зодог тайлсан. Тара кинонд тоглож, буяны ажилд оролцож, Миссийн тэмцээний шүүгчээр ажиллаж байлаа. Телевизийн продюсертэй гэрлэж, телевизээр уран гулгалт тайлбарлаж байна.
 


САРА ХЬЮЗ (АНУ)

“Солт-Лейк-Сити-2002” олимпийн аварга.
 


2002 оны олимпод эмэгтэйчүүдийн уран гулгалтад 23 настай Ирина Слуцкая, 21 настай Мишель Кван нарын хэн нэг нь түрүүлнэ гэж шинжээчид үзэж байлаа. Гэвч 16 настай Хьюз түрүүлж, сенсаац тарьсан юм. Харин Сара ирэх жил нь ДАШТ-д дөнгөж зургаадугаар байр эзлээд зодог тайлсан. Мөсөн дээрх шоунд оролцож байгаад олон нийтийн зүтгэлтэн болсон.

ЮЛИЯ ЛИПНИЦКАЯ (ОХУ)

2014 оны Европын аварга, "Сочи-2014” олимпийн багийн алтан медальтай.
 


15 настай Юлия Липницкая хувийн төрөлд олимпийн аварга болж чадаагүй ч багийн тэмцээнд алтан медаль авахад үнэлж баршгүй тус хүргэсэн юм. ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж, Сочигийн олимпийн бэлгэ тэмдэг болсон билээ. Гэвч үүнээс хойш түүний амжилт буурсаар шигшээ багт ч уригдахаа больсон. Хатуу ширүүн Этери Тутберидзе багшаасаа дайжиж, Алексей Урманов дээр очсон ч бүтсэнгүй. 2017 онд Юлия анорекс өвчний эмчилгээнд явж, зодог тайлснаа зарласан. Одоо тэр уран гулгалт тайлбарлаж, Уран гулгалтын академид багшлан, хэвлэл мэдээллээс зайгаа барих болсон. 2020 онд охинтой болсон.

АЛИНА ЗАГИТОВА (ОХУ)

2018 оны олимпын аварга, 2019 оны дэлхийн аварга.
 


Пёнчаны олимпын наадамд дэлхийн хошой аварга Евгения Медведеваг түрүүлнэ гэж бүгд үзэж байхад 15 настай Алина цойлон гарч түрүүлсэн. Харамсалтай нь нэг жилийн дараа дэлхийн аварга болоод дараагийн залуу охидод даруулаад мөсөн талбайн уралдаан тэмцээнээс холдсон. Одоо шоунд орж, ТВ хөтлөгч хийж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(173.66.29.127) 2022 оны 02 сарын 21

Eteri Tutberidze-iin shavi nar 17 nas hurtlee amjilt gargaad daraa ni eruul mendeeree hohirood duusdag

6  |  1
Top