Хятадын америк од, ТОП модель Гу

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Америк гаралтай топ модель Эйлин Гу Хятад улсад фристайлын төрлөөр алт, мөнгөн медаль авчирлаа.

Олимпын хос медальт энэ бүсгүй Бээжин олимпын гол баатруудын нэг гэхэд хилсдэхгүй. Олимпын аварга, 18 настай Гу загварын ертөнцийн од төдийгүй Стэнфордын их сургуулийн оюутан.

Түүний ээж Ян Гу нь БНХАУ-ын Барилгын яамны том түшмэлийн охин байжээ.

Эйлингийн аав хэн байсан нь тодорхой бус ч ямар ч гэсэн америк хүн, Харвардын их сургууль төгссөн сэхээтэн хүн байж. Эйлин өөрөө аавынхаа талаар дурсах дургүй. Хосууд ямар нэг шалтгаанаар салж, ээж нь охиноо ганцаараа өсгөж, хүний зэрэгт хүргэсэн байна. Ян Гу маш ухаалаг, хятад хүний зангаар ажилсаг эмэгтэй байлаа.

Тэр Бээжингийн их сургуульд хими, биохими судлаад АНУ-д очиж, Обернийн их сургуульд магистр хамгааллаа. Дараа нь Нью-Йоркийн Рокфеллер их сургуульд суралцаж, Стэнфордын бизнесийн ангид элссэн байна. Одоо Ян Гу амжилттай бизнес эрхлэгч. Хятадад хөрөнгө оруулалт хийдэг том компанитай. Залуудаа Тахо нуурын дэргэдэх жуулчны баазад цанын багш хийж байсан тул охиноо 3 настайгаас нь цанаар гулгаж сургасан байна. Ер нь л чамбай эмэгтэй.
 


Эйлин охин АНУ-д өссөн ч Хятадын мандарин хэлээр чөлөөтэй ярьдаг. Зун болгон Бээжинд очиж, эмээтэйгээ уулздаг. Ийм нэгэн бүсгүйг Хятадын Засгийн газар Америкийн шигшээ багаас урвуулж чадсан юм. 

Эйлин 15 настайдаа л АНУ-ын фристайлын шигшээ багт орсон байв. 2019 онд Дэлхийн цомд түрүүлж, Америкийн ирээдүйтэй тамирчны нэгд тооцогдон, түүнийг Бээжингийн олимпод оролцуулахаар дасгалжуулагч нар нь бэлтгэж байв. Гэвч анхны ялалтаасаа хэдхэн хоногийн дараа Эйлин Бээжинд Ши Жиньпиний хөргийн өмнө Хятадын шигшээ багийн хувцастай, зургаа авахуулаад зогсож байв. Авьяаслаг, царайлаг охинд ээжийнхээ эх орны нэрийн өмнөөс уралдах санал тавьсныг бүсгүй зөвшөөржээ. 

Хятадын олон нийтийн Weibo сүлжээнд тэрээр “Би Бээжингийн олимпод Хятадын нэрийн өмнөөс уралдах болсноороо бахархаж байна. Экстрим спортын ачаар Америк, Хятадын ард түмэн бие биенээ сайн ойлгож, нөхөрлөнө гэдэгт найдаж байна. Би АНУ-д очихоороо америк хүн, Хятадад ирэхээр хятад хүн” гэж бичсэн байв. Гэхдээ БНХАУ-д давхар иргэншлийг зөвшөөрдөггүй болохоор Эйлин америк паспортоо хураалгасан байх магадлалтай.
 

The Economist сэтгүүлд бичсэнээр Эйлин Хятадын төрийн том төсөл болон хувирсан.  Түүний үлгэр жишээгээр гадаадад байгаа хятад гаралтай тамирчдыг уугуул орных нь төлөө зүтгүүлэх нь Бээжингийн зорилго. Одоогийн байдлаар ээж охин хоёр улстөрийн элдэв асуудалд ороогүй, хамаагүй асуултнаас эвтэйхэн бултаж байгаа. Бээжингийн олимпын өмнө New York Times ярилцлага хийх хүсэлт тавьсан ч Ян Гу хоёр улсын харилцаа зэрэг улстөрийн асуултад хариулахгүй, мөн хэвлэлд гарахаас өмнө ярилцлагаа үзнэ гэж шаардлага тавьсныг NYT зөвшөөрөөгүй.

Эйлин охин Кейт Мосс, Мила Йовович, эгч дүү Хадидуудын хамтран ажилладаг IMG Models агентлагтай гэрээтэй. Tiffany’s, Victoria’s Secret, Louis Vuitton, IWC брэндүүд түүний араас хөөцөлддөг. Загварын том сэтгүүлийн нүүрэнд тогтмол морилно. Нэг үгээр хэлэхэд супер од. Үзэсгэлэн гоогоос гадна маш ухаалаг, Хятад, Азид нэр хүндтэй тул Азид бараагаа зарах гэсэн компаниудад тун хэрэгтэй. Эйлин одоо Cadillac машин, гоо сайхны Estee Lauder, сантехникийн Kohler компанийн Хятад дахь албан ёсны төлөөлөгч. Хятадын Luckin Coffee, Төв банк, China Mobile, China Unicom компаниудын зар сурталчилгаанд тоглодог. Инстаграмд 500 мянга, TikTok-т 100 мянга, Weibo-д 1,5 сая дагагчтай. Олимпын бэлтгэлийн үеэр ч тэр загварын шоунд оролцсоор байсан.

Стэнфорд их сургуулийн онц сурлагатан, чадмаг төгөлдөр хуурч. Нэг хүнд ийм олон авьяас зэрэг заяана гэдэг ховор. Эйлин Сан-Франциско хотын их сургуулийн дэргэдэх ахлах сургуулийг дүүргээд элсэлтийн ерөнхий шалгалтдаа авч болох 1600 онооноос 1580 оноо авч байжээ. 2020 оны 12 дугаар сард тэрээр Стэнфорд их сургуульд элсээд “Энэ бол миний мөрөөдөл. Олимпод оролцохоос илүү удаан хүлээсэн мөрөөдөл минь. Хичээл, спортоо хослуулах гэж би их хичээсэн” гээд уйлж байсан гэдэг. Бээжингийн олимпод бэлтгэхийн тулд Гу хоёр жилийн хичээлээ хэдэн сарын дотор багтаан үзээд шалгалтаа амжилттай өгсөн байв. 2020 онд Forbes сэтгүүл түүнийг 30-аас доош насны хамгийн нөлөөтэй тамирчны чансаанд оруулж байв. Ийм нэгэн супер бүсгүй Хятадын шигшээ багт дэлхийн хятадуудыг нэгтгэх зорилготой зүтгэж явна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top