Уран гулгалтын спортод удахгүй хувьсгал гарна. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох тамирчдын насны доод хязгаарыг дээшлүүлэх санал олон жилийн өмнөөс яригдаж байсан. Харин энэ удаад ирэх зургаадугаар сард эцэслэгдэн шийдвэрлэгдэх боллоо.
Одоогийн дүрэм ёсоор 15 настай тамирчин насанд хүрэгчдийн тэмцээнд орох эрхтэй. Гэхдээ тэр жилийнхээ долоодугаар сарын 1-нээс өмнө 15 нас хүрсэн байх ёстой. Жишээ нь, Камила 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн тул олимпод оролцож байгаа бол түүнтэй чацуу Софья Муравьева 2006 оны наймдугаар сард төрсөн болохоор нэг жил хүлээж байгаа.
Ер нь насны хязгаарыг нэмэх шийдвэр Оросын тамирчдын эсрэг, тодорхой хэлбэл дасгалжуулагч Этери Тутберидзегийн эсрэг авч байгаа арга хэмжээ гэж үзэхэд болно. Түүний багаас жил бүр л шилдэг тамирчид төрөн гарч байгаа.
Ирэх зургаадугаар сарын 6-10-нд Таиландын Пхукет хотод ISU буюу Олон улсын тэшүүрийн холбооны чуулган болж энэ асуудлыг хэлэлцэнэ. Чуулганаар шийдвэрлэгдэх нь тодорхой болсон хэдэн дүрэм байна.
Юуны өмнө ISU хүүхдийн сэтгэл, бие махбодийн эрүүл мэндийг хамгаалахын тулд насанд хүрэгчдийн тэмцээнд орох эрхийг 15 наснаас дээш болгон үе дараалалтай нэмэх юм. Ирэх улиралд 15 нас хэвээр үлдэх ч 2023/24 улирлаас насанд хүрэгчдийн тэмцээнд орох эрхийг 16 настанд олгоно. Харин жилийн дараа 17 нас болгон нэмэх юм.
Өнгөрсөн өвөл энэ асуудлаар тамирчдаас санал асуулга авахад 86,2 хувь нь дэмжсэн гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )