"Ошиогава" дэвжээ монгол бөхтэй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Мэргэжлийн сүмогийн Ошиогава дэвжээнд монгол бөх элслээ. Фүкүока мужийн Кибогаока ахлах сургуулийн сурагч Цогоо Билгүүн энэ сарын 16-наас тус дэвжээнд дадлага хийхээр болжээ.

Гадаад бөх сүмо дэвжээнд элсэхийн тулд хэдэн сарын хугацаатай дадлага хийх дүрэмтэй болсон. Дадлагаа дуусгаад энэ оны эцсээр шинэ бөхийн шалгалтад орж, жонокүчид барилдаж эхлэх юм.
 

Билгүүн Японы ахлах сургуульд орохын тулд Японд ирсэн. Ахлах сургуулиудын улсын аваргын тэмцээнд багаараа 16-д орж байсан. Харин хувийн барилдаанд Фүкүока мужийн ахлах сургуулийн тэмцээний үнэмлэхүй жинд түрүүлж байжээ.

182 см өндөр, 135 кг жинтэй. Нэг дэвжээнд нэг гадаад бөх харьяалагдах дүрэмтэй тул элсэх дэвжээгүй байсан ч Ошиогава дэвжээ Огүрүма дэвжээнээс тусдаа гарсныг сонсоод багшдаа хэлж, мэргэжлийн сүмоч болохоор шийджээ.

Ошиогава ояката буюу сэкивакэ асан Такэказэ “Шулуун шударга зантай хүүхэд байна. Ирээдүйтэй бөх болно” гэж шинэ шавиа дүгнэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top