Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
Энэ жилийн долдугаар сарын 15-24-нд АНУ-ын Орегон мужийн Южин хотноо хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн болох билээ.
1983-1991 онд дөрвөн жил тутамд, 1993 оноос хойш хоёр жил тутам зохиогдох болсон "Спортын хатан хаан"-ы ДАШТ нь спортын ертөнцийн томоохон уралдаан тэмцээний нэг яах аргагүй мөн. Хамгийн сүүлд 2019 онд Катарын Доха хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д гэхэд л 206 орны 1700 гаруй тамирчин оролцсон нь үүний нэг баталгаа.
Америкийн хөнгөн атлетикийн "нийслэл" гэгддэг Южин хотын "Hayward field" цэнгэлдэхэд явагдах ДАШТ нь 2021 онд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон "Токио-2020" олимпийн наадамтай давхцуулахгүйн үүднээс нэг жилээр хойшлуулсан билээ.
Өмнөх ДАШТ-д манай Монголын хөнгөнатлетикийн дөрвөн тамирчин, тодруулбал дөрвөн марафонч, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар оролцож байсныг бид мэднэ. Тэгвэл энэ удаа хэдэн тамирчин Монголоос оролцох бол?
Хөнгөнатлетикийн ДАШТ-д оролцох тамирчин тодорхой стандарт биелүүлж байж ( Еntry Standart) ДАШТ-д оролцох эрхээ авдаг. Манайхны олимп, дэлхийн аваргад сүүлийн жилүүдэд тогтмол оролцож буй марафон гүйлтэд entry standart нь эрэгтэйчүүд 2:11:30 буюу 2 цаг 11 минут 30 секундын дотор бол эмэгтэйчүүд 2:29:30 байгаа. Гэхдээ энэ амжилтыг 2020 оны 11 сарын 30-аас 2022 оны тавдугаар сарын 29-ний хооронд үзүүлсэн байж "Южин-2022" оролцох боломжтой.
Яг өнөөдрийн байдлаар Бат-Очирын СЭР-ОД дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байгаа. Тэрбээр өнгөрсөн 2021 онд Японд болдог Lake Biwa Mainichi marathon-д 2:09:26 амжилт үзүүлж, ДАШТ-ий стандартыг биелүүлсэн билээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин, Ази тивийн АШТ-ий алт, мөнгөн медальт Б.Сэр-Од маань хөнгөн атлетикийн ДАШТ анх 2003 онд оролцсоноос хойш тасралтгүй 9 удаа ДАШТ-д оролцсон, гайхамшигтай марафонч.
Энэ жилийн ДАШТ Сэр-Одын хувьд 10 дахь дэлхийн аварга нь болох нь. Хоёр жил тутам зохиогддог ДАШТ-д, стандарт биелүүлж оролцоно, тэр тусмаа тэсвэр тэвчээр, хатуужил сорих хамгийн хүнд төрөл болох марафон гүйлтээр 10 удаа тасралтгүй оролцоно гэхээр үнэхээр агуу. Бүтэн 20 жил шүү дээ.
Ийм амжилтыг үзүүлэх хүн дэлхийд цөөхөн. Хөнгөний ДАШТ-д хамгийн олон оролцсон тамирчин бол Испаний домогт Хесус Анхель Гарсия Брагадо.Тэрбээр 1993-2019 онд 13 удаа ДАШТ оролцсон амжилтаар тэргүүлдэг. Брагадо спорт алхаагаар оролцдог.
Түүний араас 11 удаа ДАШТ-д оролцсон Португалын Сюзанна Фейтер, Жоао Виейра нар бичигдэнэ. Хоюулаа мөн л спорт алхааны тамирчид.
Дараа нь хэдийнээ 10 удаа ДАШТ оролцсон дөрвөн тамирчин бий. Германы Ф.Диетш, Румыний Н.Грасу, Литвын В.Алекна нарын гурван зээрэнцэг шидэгч, мөн Сент Киттс Нэвис улсын ойрын зайн гүйгч К.Коллинз нар.
Хөнгөний ДАШТ-д 10 болон түүнээс олон оролцсон тамирчин дэлхийд ердөө долоохон байна гэсэн үг.
Энэ хэдэн домог дээр манай Сэр-Од энэ жил нэмэгдэх нь.
Есөн удаа ДАШТ-д оролцсон 15 тамирчин байгаа ч ихэнх нь зодог тайлсан. Энэ жилийн ДАШТ-д эднээс ( 9 удаа орсон тамирчдаас) оролцох магадлалтай нь манай Сэр-Одоос гадна АНУ-ын домогт ойрын зайн гүйгч , ДАШТ-ий хамгийн олон алтан медальт Эллисон Феликс, Португалын спорт алхааны тамирчин Инес Энрике хоёр л байгаа.
Ингэхээр ямар ч тохиолдолд Сэр-Од маань хөнгөн атлетикийн ДАШТ-д хамгийн олон удаа оролцсон тамирчдын жагсаалтад эхний 10-т баттай бичигдэх нь. Энэ 10 дотор марафоны нэг ч тамирчин байхгүй гэхээр ёстой л тэвчээр, тэсвэр, хатуужил, хөдөлмөрийн туйл юм даа, СЭР-ОД маань.
Энэ жилийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж буй Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав тэргүүтэй бусад марафончиддоо ДАШТ-ий "босго" стандартаа биелүүлж, олноороо Орегоныг зорихыг хүсье!
Сэтгэгдэл ( 0 )