Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Харин энэ удаад НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулсан юм. Тус хүндэтгэлийн ёслолын үеэр салбар бүрдээ манлайлсан их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа.
Уг арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүндэтгэлийн ёслолыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэлсэн.
Тэрээр “Нийслэл хотын эмэгтэйчүүд үеийн үед, цаг цагийн хөгжилд соёл урлаг, хөгжлийн хувьслын тэргүүлэгчид байсан. Нийслэлд нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байна. Хүүхдээ асарч хүмүүжүүлж, гэр бүлээ өөд татахын хажуугаар улс орныхоо хөгжилд боловсролтой, мэдлэгтэй, бүтээлч хойч үеийг төлөвшүүлэн өгч, өөрсдөө ч манлайлан хөдөлмөрлөж байгаа нь бахархал юм” хэмээсэн юм.
Арга хэмжээ дан ганц шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолоор дууссангуй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай борлуулсан юм. Мөн хүндэтгэлийн ёслол болон үзэсгэлэн худалдаа сүүлийн хоёр жилд түр завсарласан ч энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж байгааг сайшаах хүмүүс олон байлаа. Шагнал гардуулах ёслолын үеэр их хотын шилдэг бүсгүйчүүдийг дараах төрлөөр шалгаруулсан.
НИЙГМИЙН САЛБАРЫН ШИЛДГЭЭР “МОНГОЛ ЖАНГҮМ” ШАЛГАРАВ
Энхийн төлөө төрөлд Б.Уранчимэг, Нийгмийн салбарын шилдэг эмэгтэй төрөлд А.Одончимэг, Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй төрөлд Ц.Зэс-Эрдэнэ, Спортын салбарын шилдэг эмэгтэй төрөлд М.Анхцэцэг нар шалгарлаа. Мөн Боловсролын салбарын шилдэг эмэгтэй төрөлд Д.Оюунцэцэг, Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэй төрөлд Ж.Соёл, Алдарт эх төрөлд Д.Оюумаа нар тодорсон бол Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй төрөлд Д.Эрдэнэжаргал, Соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэй төрөлд Б.Одончимэг нар тус тус шалгарсан юм.
Нийгмийн салбарын шилдэг эмэгтэй төрөлд шалгарсан А.Одончимэг нь “Монгол Жангүм” нэрээр олонд алдаршсан нэгэн билээ. Тэрбээр 25 жилийн турш өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоосоо илүүчлэн 2832 хүүхдийг тэргэнцэртэй болгож, 324 нярайд баривч оёж бэлэглэсэн буянтай бүсгүй. Мөн өрх толгойлсон 48 ээж, аавд гэр өгсөн байна.
Түүнчлэн сүүлийн таван жилд Улаанчулуут, Цагаан давааны хогийн цэг дээр ажилладаг иргэдэд хоол хүнс, хувцас, бээлий, маскаар туслах болжээ. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Шаргалжуут сувилалд 25 жил саажилттай хүүхдүүдэд үнэгүй байр, хоол, тэргэнцэр, хувцас, памперс, тоглоомоор үйлчилж ирсэн байна. Энэ үеэр А.Одончимэг “Би нийслэлийн иргэн болоод нэг жил болж байна. Ийм сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэ шагнал бол Нийслэлийн Засаг даргын зүгээс ээж хүн, эмэгтэй хүний нөр их ажлыг үнэлсэн анхны шагнал байлаа. Монголын үрсийн бие нь эрүүл, ухаан нь саруул байх болтугай” хэмээн ерөөсөн юм.
СПОРТЫН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙГЭЭР М.АНХЦЭЦЭГ ТОДОРЛОО
Мөн үеэр спортын салбарын шилдэг эмэгтэй төрөлд шалгарсан Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Нийслэлийн иргэн хүнийн хувиар ийм хүндтэй шагналыг хотын удирдлагуудаасаа хүртсэндээ баяртай байна. Миний хувьд 10 наснаасаа спортоор хичээллэж, анх 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж, амжилтынхаа буухиаг эхлүүлсэн. Үүнээс хойш олон уралдаан тэмцээнээс шагнал хүртэж, дэлхийн аваргын хошой хүрэл медальд хүрсэн. Харин 2021 онд дэлхийн аварга боллоо.
Энэ бүх амжилтад хүрэхэд ар гэр, ахан дүүс, багш дасгалжуулагч, дэмждэг байгууллагууд гээд олон хүний тус дэм байдаг. Би өнгөрөгч жил “Эрхэт Монгол” группын тамирчин болсон. “Эрхэт Монгол” групп миний бүх зардлыг дааж, уралдаан тэмцээнд оролцуулахаар болж, тэр жилээ би дэлхийн аварга болсон. Тиймээс Х.Мандахбаяр захиралтай тус группын хамт олонд талархаж явдгаа хэлмээр байна” хэмээсэн юм.
НИЙСЛЭЛИЙН “АЛДАРТ ЭХ”-ЭЭР Д.ОЮУМАА ТОДРОВ
Дараагийн шагналын эзэн Алдарт эх төрөлд шалгарсан Д.Оюумаа Архангай аймгийн Хангай сумын уугуул, айлын долоо дахь охин бөгөөд өдгөө долоон хүүхдийн ээж болсон байна. Өнгөрсөн хугацаанд Д.Оюумаа нярав, нягтлан бодогч, “Жагар интернэшнл” ХХК-д үйлдвэрийн цехийн ажилтан, “Нарантуул” ОУХТ-д тус тус ажиллажээ. Тэрээр 2007 онд том хүү Н.Баянмонголыг төрүүлсэн бол түүнээс хойш гурван удаа ихэр хүүхэд төрүүлсэн байна.
Мөн 2014 онд анхны ихэр Энхнамар, Энхнаранг, 2017 онд дунд ихэр Эрхэс, Мичид нарыг, 2021 онд бага ихэр болох Мөнхдөл, Минжин нарыг төрүүлжээ. Түүний нөхөр С.Нямсайхан “Миний хань хичээнгүй, сайхан сэтгэлтэй. Ханьдаа болон Монголынхоо ээжүүд, эмэгтэйчүүд, охид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Шагналын хур бууж дууссан тул үзэсгэлэн худалдааны хэсгийг сонирхлоо.
МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН СЭТГЭЛ ШИНГЭСЭН БҮТЭЭЛ НҮД ХУЖИРЛАНА
Үзэсгэлэн худалдаанд Монгол бүсгүйчүүдийн урласан уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн нь өөрийн эрхгүй нүд хужирлана. Үзэсгэлэнг зохион байгуулагчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Үндэсний үйлдвэрлэгч “Зоосон хээт” ХХК-ийн захирал Ц.Амаржаргал “Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэе. Их хотын бүсгүйчүүд үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Олон мянган бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс сонгож оролцуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Урьд нь хувиараа бизнес эрхлээд, “Амур” салондоо захиалгын дагуу үйлдвэрлэл явуулдаг байлаа.
Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газарт бүртгүүлээд, олон үзэсгэлэн болоод бусад үйл ажиллагаанд оролцох болсон. Ингэснээр борлуулалт болон бизнесийн хүрээ тэлж байгаа. Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хамтран ажиллах, кластер байдлаар хөгжүүлж чадвал бизнес аяндаа өргөжнө гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан. Манай компани үндэсний хувцас урлалаас гадна эсгий урлал, арьсан гутал үйлдвэрлэдэг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар саяхнаас ярилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийх хүсэлтэй иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллуулна гэж бодож байна. Одоогийн байдлаар үндсэн 5-6 хүн цех дээр ажилладаг ч 8-9 хүнтэй гэрээ хийж, гэрээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга өгч ажиллуулдаг” гэлээ.
Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцсон. Энэ дунд арьсан цүнх, гоёл чимэглэл, сүүн чихэр, хувцас гэх мэт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бүсгүйчүүд худалдаа эрхэлж байв. Бүтээгдэхүүнээ бусдад сурталчилж, амталгаат худалдаа явуулах нь үйлдвэр болон бизнест нь ихээхэн дэмжэг болж буйг үйлдвэрлэл эрхлэгч бүсгүйчүүд онцолж байсан юм. Түүнчлэн эмэгтэйчүүд бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож өөрсдийн бүтээгдэхийг борлуулж байсан юм.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )