Хакүхо: Байгалийн гамшигт өртсөн нутгаас сайн бөх гаргах хүсэлтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Өнөөдөр их аварга Хакүхогийн төрсөн өдөр.

2011 оны энэ өдөр Японд хүчтэй газар хөдлөж, цүнами буун, байгалийн асар том гамшиг болсон билээ. Хакүхо тэр үед сүмочдын холбооны тэргүүний хувиар, аваргын хувиар гамшигт нэрвэгдсэн бүс нутаг, ард иргэдийн төлөө маш олон ажил хийсэн юм.

Японы Никкан Спортс сонины газраас Хакүхотой холобгдож, сэтгэгдлийг нь сонсжээ.
 


-Тэр үед болсон байгалийн гамшгийг эргэн санахад?

-Ёкозүна болоод 4 жил өнгөрсөн, 26 настай ёстой ид үедээ байлаа. Токиод байхад газар хөдлөж, үнэхээр аймшигтай байсан. Энд ийм аймшигтай байхад газар хөдлөлтийн төв Зүүн Хойд Японы хүмүүст ямар хэцүү байсан бол гэж бодож байлаа.

-3-р сарын 11 таны төрсөн өдөр.

-Төрсөн өдөр минь 10-нд байхгүй яав гэж бодох үе байсан. Гэхдээ энэ бол хувь заяа юм байна гэдгийг мэдэрсэн. Сүмочид Японы бүх 47 мужаар тойргийн барилдаан хийн аялдаг. Зүйн Хойд нутагт танилууд ч олон, сайн сайхан дурсамж ч их. Жил бүр энэ өдөр башё таарвал заавал ялна гэсэн сэтгэлтэй болсон.
 


-Гамшгаас нэг сарын дараа та Фүкүшима мужид очсон байсан.

-Машинаар явж болох газар хүртэл явья гэж бодсон. Хүүхдүүдтэй сүмо барилдаж тоглоход их баярлаж байлаа. Хоргодох газар болсон Спортын танхимд хүмүүс гэрбүлээрээ картон хайрцгаар хана босгоод сууж байсан. Хайрцган дунд орж суугаад, удаан ярилцаж, зовлонг нь хуваалцахсан гэсэн хүсэлтэй байв.
 


-2011 оны 6-р сард гамшигт өртсөн газруудад Сүмогийн холбооны шугамаар дохёнд гарах ёслол хийсэн.

-Ёслолын өмнө Иватэ мужийн Ямада хотод газар үргэлжлэн хөдлөж, чичирхийлэл мэдрэгдээд байсан юм. Тийм болохоор ёслолоо урьд өмнөхөөс илүү удаан, хичээн гүйцэтгэсэн. Гэтэл маргааш нь хотын хүмүүс “Ёкозүнагийн ёслолын дараа чичирхийлэл нэг ч удаа гаралгүй, тайван унтаж чадлаа” гэж ярьж байв. Үндэсний бөх сүмо Япон оронтойгоо салшгүй нягт холбоотой юм байна гэдгийг ухаарсан мөч байлаа.

-Гамшигт өртсөн нутгуудад заримдаа нурж эвдэрсэн газарт ч дохёнд гарах ёслол хийж байсан гэсэн.

-Тийм ээ, Далай харагдахаар хоосорсон газарт ч болж байсан. Энэ асар том далайгаас цүнами орж ирнэ гэхээр ямар аймар байсныг үнэхээр мэдэрсэн.
 


-Сүмо бөхчүүдийн холбооноос Ямада, Мияги мужийн Кисэннүма, Фүкүшима мужийн Аизүвакамацү хотуудад дохё бэлэглэсэн.

-Гамшиг гарсны дараа хүүхэд багачуудад туслах явдал хамгийн чухал гэж бодож байлаа. Зүүн Хойд мужуудад дохё байхгүй, бэлтгэл сургууль хийж чадахгүй бол хэцүү. Мэргэжлийн сүмочид ч бэлтгэл хийж байж л хүчтэй болдог. Сүмочид, цолтой бөхчүүд маань ч их тусласан.

-Байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд хэлэх үг?

-Зүүн Хойд мужаас шавьтай болж, хүчтэй сайн сүмоч болгох хүсэлтэй байна. Дахин та бүхэнтэй уулзах сан гэж бодож явдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top