Украин сүмоч ялж, орос бөх унасанд япончууд баярлав

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Японы Осака хотноо явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр (2022.03.14) макүшита зиндаанд ОХУ, Украины хоёр бөхийн барилдаан боллоо. Гэхдээ тэд хоорондоо барилдаагүй.

Эхлээд Ирүмагава дэвжээний украин бөх, макүшитагийн барууны 17 дахь бөх Шиши хэмээх Сергей Соколовский Сакаигава дэвжээний Ютакашёог ялж, Хаврын тэмцээний анхны ялалтаа авлаа.

Украины уугуул гэж зарлуулан гарч ирсэн Шишиг "Бөхийн өргөө"-нд ирсэн үзэгчид алга ташин дэмжиж байлаа.

ОХУ-ын халдлагад өртсөн Украины бөх гэдэг утгаар нь сэтгүүлчид тун их сонирхсон ч тэрээр асуултад хариулалгүй гарч одлоо.
 


Сергей Соколовский 1997 оны нэгдүгээр сарын 16-нд Украины Запорожи мужийн Мелитополь хотод төрсөн. 5 настайгаасаа чөлөөт бөх барилдаж, 15 настайдаа сүмо бөхөд урважээ.

Сонирхогчдын сүмо барилдаж байхдаа Залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд хүнд жинд хүрэл медаль хүртсэн.

2016 онд Монголд болсон ДАШТ-д мөн үнэмлэхүй жинд хүрэл медаль авч байжээ. 2020 онд мэргэжлийн сүмод орж, 7 башё дараалан 50 хувийн амжилтаа хийж, макүшитад дэвшсэн билээ.
 


Харин түүнээс хоёр барилдааны дараа гарч ирсэн ОХУ-ын уугуул Рога буюу манай А.Амарсанаа жюүрёогоос унасан Шидэнд үватэдашинагэ мэхээр ялагдлаа.

14 нас хүртлээ Тувад амьдарсан Рога Монголдоо харьж, 15 настайдаа Японы ахлах сургуульд элссэн юм.

Гадаад бөхчүүдээс анх удаа Ахлах сургуулийн ёкозүна болсон Рога сэкитори болох дөхсөөр байгаа. Японы сэтгүүлчид мөн яриа авах гэсэн боловч Рога өгсөнгүй. Гэхдээ Наран орны хэвлэлээр Орос, Украины бөхчүүдийн талаар харьцуулан мэдээлжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top