Олимпын аварга Н.Түвшинбаярын хорих хугацааг өнгөрөгч хоёрдугаар сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сунгах шийдвэр гаргасан билээ.
Түүнийг цагдан хорих хугацаа дууссантай холбоотойгоор Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай санал харьяа шүүхэд ирүүлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.
Улмаар өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн, цагдан хорих 4 дүгээр хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )