ТАНИН МЭДЭХҮЙ: Дэлхийг өөрчилсөн бүтээлүүд

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

Гал 

Хэдийгээр гал нь техникийн шийдэл биш ч гал эзэмших чадвар нь хүний соёл иргэншлийн хувьд амин чухал байв. Хоёр сая жилийн өмнө манай гараг дээр амьдарч байсан эртний хүмүүс галыг нээж, хэрэглэх болжээ. Гэхдээ 125 мянган жилийн өмнөөс л галыг хэрэгсэл болтол нь бүрэн ашиглах болсон байна. Хүйтэн цагаар биднийг дулаацуулж, харанхуйг гэрэлтүүлэхээс гадна гал бидэнд хоол хийх чадвараа хөгжүүлэхэд тусалсан. Илүү эрүүл хоол, илүү цэвэр ус хэрэглэх болсноор гал хүмүүний амьдрах чадварыг дээшлүүлээд зогсохгүй хэрэгцээт уураг, тэжээлээ олж авах чадвартай болгосны ачаар илүү өндөр оюун ухаантай болсон билээ.

Дугуй

Олон хүн дугуйг бүх цаг үеийн хамгийн агуу бүтээл гэж үздэг. МЭӨ 3500 онд месопотамичууд дугуйг шавар эдлэл хийхийн тулд бүтээжээ. Гэхдээ үүнээс хойш дугуйг тэргэнд залгах хүртэл гурван зуун жил өнгөрсөн байна.

Орчин цагт бид дугуйг байдаг л нэг зүйл хэмээн хүлээн авч, анзаарахаа больжээ. Гэтэл энэ бүтээл төрөхөөс өмнө хүмүүс тээврийн хувьд хязгаарлагдмал байв. Өөрөөр хэлбэл дугуй нь тэрэгний голын хамтаар амьдралыг өөрчилсөн бүтээл байв. Дугуйг хөдөлгөөнгүй тавцанд залгах санаа нь бидний амьдралын хэв маягийг тэр чигээр нь өөрчилсөн юм.

Хадаас

Барилгын нэгэн адил хадаасгүйгээр манай соёл иргэншил нуран унах байв. Энэхүү төмөр тогтоогч гарч ирэхээс өмнө модон барилга, байгууламжийг геометрийн хувьд маш төвөгтэй углуургадах аргаар барьдаг байв. Хадаасыг анх эртний египетчүүд МЭӨ 3400 орчим оноос хойш ашиглаж эхэлжээ. Харин төмөр цутгах, хэвэнд оруулахыг сурсан эртний ромчууд энэ бүтээлийг илүү боловсронгуй болгосон түүхтэй.

Харин шургийг анх эртний грекчүүд МЭӨ II зуунаас хэрэглэж эхэлжээ. Харин 1800-аад оны эхэн үе хүртэл ихэнх хадаасыг гараар хийдэг байсан гэдэгт итгэхэд үнэхээр бэрх. Дархнууд төмрийг давтаж, сумтай төстэй хэлбэрт оруулдаг байжээ. Хадаас хийх анхны машиныг 1790-ээд онд бүтээсэн байна.

Оптик шил

Оптик шил нь мөн л месопотамичууд, египетчүүдийн агуу санаа. Өдгөө оптик шилийг дуран, микроскоп зэрэг янз бүрийн хэрэгсэлд өргөнөөр ашиглаж байна. Томруулдаг шил хүн төрөлхтөнд од, гарагсаас авахуулаад бичил биетийг судлах боломж олгосон.

Харин оптик шилийг хараа муутай хүний хэрэгцээнд ашиглах санааг анх XIII зуунд гаргажээ. Түүнээс хойш дөрвөн зууны дараа микроскоп, нүдний дуранг бүтээж байв. Томруулдаг шил нь бидний биологи, одон орон судлал, археологи, хими, физик зэрэг салбарын мэдлэгийг тэлсэн билээ.

Луужин

Соронзон луужин гайхамшигтай чиглүүлэгч хэрэгсэл гэсэн байр сууриа хиймэл дагуул, GPS буюу дэлхийн байршил тогтоох системд алдсан ч түүхэн ач холбогдлыг нь хүмүүс мартахгүй. Ялангуяа газарзүйн нээлтэд ямар их үүрэг гүйцэтгэснийг түүх гэрчилнэ. Байгалийн соронзон чулуугаар луужин хийх санаа анх Хятад улсад МЭӨ 300-200 орчим онд төржээ.

Соронзон луужин бүтээхээс өмнө хүн төрөлхтөн од, гарагст л найддаг байв. Луужин нь биднийг Газарзүйн их нээлтийн үе буюу XV-XVIII зуунд аваачдаг цорын ганц хэрэгсэл. Эл жижиг бүтээл Европын улс орнуудад эд баялаг, эрх мэдлийн хувьд хөгжүүлж, улмаар аж үйлдвэрийн хувьсгалд хүргэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top