Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.
 

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

Баллуур 

Санаа, бүтээлийн хувьд баллуур нь үнэхээр гайхалтай. Баллуур нь арилгах товчлуур, цагаан тууз, хар тууз, бидний сайн мэддэг резинэн баллуур зэрэг олон төрөл, хэлбэртэй байдаг. Өмнөх алдаагаа засахад туслах энэ энгийн зүйл шинжлэх ухааны аргачлалын суурийг тавьж, соёлыг хөгжүүлэх, хууль, дүрмийг боловсронгуй болгох, тэр бүү хэл түүхийг дахин бичих боломж олгосон. 

Толь 

Толь өргөн хэрэглээнд орохоос өмнө хүмүүс өөрийнхөө тусгалыг усны мандал  эсвэл гялгар металл гадаргууд л хардаг байв. Мэдээж хэрэг тэдний харсан тусгал тэгш бус гадаргуу эсвэл муу гэрэлд бодит тусгалтай зүйрлэхийн аргагүй. Харин Сэргэн мандалтын үед бүтээгдсэн толь энэ бүхнийг өөрчилсөн. Толь бий болсноор хүмүүс бусдын өмнө хэрхэн харагддаг болохоо мэдэж, хоолны соёл, үсээ самнах, сахлаа хусах, үйлдлээ хянахад хүргэсэн. Толины ачаар аливаа хувцас өмсөхдөө зохиж байгаа эсэхээ бусдаас асуух шаардлагагүй болж, ширээний ард биеэ авч явах байдлаа боловсронгуй болгосон. Сэтгэл зүйн хувьд толь нь өөртөө итгэлтэй байх, хуучнаа эргэн санах боломж олгодог. Учир нь толинд чи бусдын нүдээр өөрийгөө харах боломжтой болсон. 

Бетон 

Бетонтой төстэй байгууламжууд МЭӨ 6500 онд хойд Йордан, өмнөд Сирид анх бий болжээ. Өдгөө бетон нь хамгийн өргөнөөр ашиглагддаг хүний гараар бүтсэн материал болжээ. Бетон зуурмаг нь цаг хугацааны явцад улам бэхжиж, байгууламжийн маш бат бөх суурь болдог. Харин шингэн төлөвт байхад нь бетоныг ямар ч хэлбэрт хялбархан оруулах боломжтой. 

ATM 

Английн зохион бүтээлч Жон Шефер-Баррон анхны автомат теллер машин /АТМ/ бүтээсэн гавьяатай. Анхны АТМ-ыг “Barclays” банк 1967 оны зургаадугаар сарын 27-нд Лондон хотноо байрлуулж байжээ. Эхэндээ мөнгөний машинаас хамгийн ихдээ 10 фунт авах боломжтой байв. Харин өдгөө АТМ нь аль ч хотын булан бүрд байрлах болжээ. 

Цахилгаан мотор 

Уурын хөдөлгүүр Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлж байсан бол цахилгаан мотор цаг хугацааг хэмнэх боломж олгосон. Орчин цагт гэр ахуйн цахилгаан хэрэгслээс гадна нийтийн тэврийн хэрэгслүүд ч цахилгаан хөдөлгүүртэй болсон. “BMW”, “Tesla” зэрэг томоохон компаниуд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top