Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.
Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.
GPS буюу байршил тогтоох систем
Дэлхийн байршил тогтоох систем буюу GPS /Global positioning system/-ийн анхдагч болох TRANSIT системийг анх 1960-аад оны үед цөмийн шумбагч онгоцыг илрүүлэх зорилгоор бүтээжээ. Орчин цагийн GPS нь АНУ-ын Батлан хамгаалах яамны төсөл байсан бөгөөд эхэндээ зөвхөн АНУ-ын армийн хэрэгцээнд зориулж бүтээж байв. 2000 онд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон GPS-ийг иргэний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосноор өдгөө хүн бүр загасчлахад тохиромжтой газраа хайхаас авхуулаад далайн халимын шилжилт хөдөлгөөнийг хянах зэрэг янз бүрийн зорилгоор ашиглах болжээ. Гэсэн хэдий ч нийтийн хэрэглээнд тодорхой хязгаарлалт байсаар байдаг ба илүү нарийвчлалтай хувилбарыг АНУ-ын Засгийн газар ашигладаг байна.
Сэтгэл засах прозак
Прозак сэтгэл уналын эсрэг эмийг 1972 онд зохион бүтээж, 1986 оноос хойш эмийн хэрэглээнд нэвтрүүлжээ. Өдгөө энэ эм Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чухал эмийн жагсаалтад ордог. Прозак нь тархин дахь аз жаргалын даавар гэгддэг серотонины хэмжээг нэмэгдүүлж, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. АНУ-ын 4.5 сая хүн прозакийг хэрэглэдэг байна. Эл эм нь химийн бодисын тусламжтай хүний сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлөө хянах чадварын талаарх ойлголтыг баяжуулахад хувь нэмэр оруулжээ.
Аж үйлдвэрийн робот
Анхны аж үйлдвэрийн “Unimate” роботыг АНУ-ын зохион бүтээгч Жорж Девол бүтээж, Нью Жерси мужийн Эвинг Тауншип хот дахь “General Motors” компанийн үйлдвэрийн угсралтын шугамд суурилуулж байсан түүхтэй. Хоногт 24 цаг ажиллахдаа тус робот гурван ээлжийн ажилчдыг орлон, хүнд, бохир, аюултай ажлыг гүйцэтгэж эхэлжээ. 1967 онд аж үйлдвэрийн роботуудыг Европын үйлдвэрүүд ашиглах болсон бол мөн онд Япон улс роботжуулах эрин үе рүү хөл тавьж, 1970-аад оны сүүл гэхэд жилд үйлдвэрлэх роботын тоо хэмжээ, дотоодын үйлдвэрүүдэд ашиглаж буй роботын тоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж эхэлсэн түүхтэй.
Нисгэгчгүй нисдэг аппарат
GPS системийн нэгэн адил нисгэгчгүй нисдэг аппарат буюу дроныг цэргийн зориулалтаар анх бүтээж байв. Яг хэдийд дроныг хөгжүүлж эхэлсэн нь тодорхойгүй ч Их Британийн зохион бүтээгч, инженер Арчибальд Лоугийн 1916 оны “Aerial Target” төслийг дрон бүтээх анхны туршилтуудын нэг гэж үздэг. 1960 онд АНУ “Red Wagon” дрон бүтээх төсөл эхлүүлж байв. 1973 онд АНУ-ын Зэвсэгт хүчин Вьетнамд дрон хэрэглэж байжээ. Зарим хүн дроныг бараа хүргэх дэвшилтэд хэрэгсэл гэж үздэг бол зарим нь тэнгэрт нуугдсан зэвсэг хэмээн хардаг. Дрон нь инновацыг хэрхэн ашиглахаас хамаарч ашигтай эсвэл аюултай байж болохын тод жишээ юм.
MRI буюу Соронзон үелзүүрт томограф
Эмч, судлаач, өвчтөн гээд хүн бүр MRI буюу соронзон үелзүүрт томографыг гайхалтай бүтээл гэдэгт санал нэгдэх ч үүнийг хэн бүтээснийг тэр бүр мэддэггүй. Ихэнх хүмүүс 1973 онд цөмийн соронзон үелзүүрт машины тусламжтай хорт хавдрыг оношилсон Рэймонд Дамадиан MRI-г бүтээсэн гэж үздэг. MRI машинтай холбоотой нээлт хийж байсан Питер Мэнсвилд, Питер Лотербур нар Нобелийн шагнал мөн хүртэж байв. Өдгөө дэлхий дахинд 25,000 MRI ашиглагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )