Жүдо бөхөөс В.Путины сураагүй үлдсэн зүйлс

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

ОХУ-ын Украинд хийж байгаа дайны улмаас спортын ертөнц бараг тэр чигээрээ Оросын тамирчдыг тэмцээн уралдаанаас хасаад байна. Энэ дайныг эхлүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин самбо, жүдо бөхийн тамирчин байсан хүн.

Ингээд Японы сэтгүүлч Такаоми Мацүбарагийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Number Bunshun Japan

Такаоми Мацүбара

Ердөө хагас жилийн дараа дайн гарч, олон хүний амь нас эрсдэнэ гэдгийг Дарья Белодед охин тэр үед төсөөлөөгүй биз ээ.

2021 оны долоодугаар сарын 24. Токио олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэй 48 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ялсан Украины тамирчин Дарья Белодед нулимс унаган зогсож байлаа. Дэлхийн дэвжээнд хоёр дараалан түрүүлсэн, чансааны манлай бөх түүнийг олимпын аварга болно гэж олон хүн итгэж, найдаж байлаа. Гэвч хагас шигшээ барилдаанд Японы Фүна Тонакид ялагдаад хүрэл медальтай үлдсэн нь энэ. Харамсал гомдлоор дүүрэн байсан ч Дарья “Украин эх орон, багш дасгалжуулагч, өөрийнхөө төлөө хүрэл медаль авч чадсандаа баяртай байна” гэж хэлж байлаа. Хэдий алтан шар өнгөтэй медаль биш ч энэ бол Украины эмэгтэй жүдочдын олимпын анхны медаль байв. Тийм болохоор Украины хэвлэл мэдээлэл ч охиноор баярлан бахархаж байлаа.

Белодедийн мөрөөдлийг өөрчилсөн дайн

Хэчнээн олимпын медаль хүртсэн ч аварга болж чадаагүй харамсал үлдсэн нь ойлгомжтой. Тийм болохоор Дарья “Надад биелээгүй мөрөөдөл бий. Хэнд ч энэ мөрөөдлөө алдахгүй” гэж хэлж байлаа.

Энэ мөрөөдөл нь 2024 оны Парисын олимпод түрүүлж, хүсэл болсон олимпын аварга цолоо авах, алтан медалиа зүүх явдал. Зорилгодоо хүрэхээр шинэ олимпын циклийг алхаж эхлэх яг тэр үед эх оронд нь гамшиг учирлаа. Оросын цэрэг Украины хилийг давсан тэр өдрөөс хойш Дарья олон нийтийн сүлжээгээр дайны эсрэг бичсээр, цус асгаруулахаа зогсоохыг уриалсаар байна. ОХУ-ын түрэмгийллийг зогсоож, украинчуудад туслахыг Европ, Япон орнуудаас хүссээр явна. Тийм ээ, энэ дайн дажин, гай зовлон дунд тэр татами дээр гараад барилдаж байж чадахгүй.

Жүдоч Дарья Белодедийг бодох үед энэ дайны үеэр бас нэгэн жүдочийн царай бидний санаанд бууна. Энэ бол Украинд довтлох тушаал буулгасан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин. Путин 14 настайгаасаа жүдо барилдаж, жүдо бөхөөр дамжуулан, Япон оронтой гүн гүнзгий холбогдсон хүн.

Путинд бэлэглэсэн Кано Жигорогийн хоёр ном

Владимир Путин Ерөнхийлөгч болсныхоо дараахан 2000 оны есдүгээр сард Японд ирэхдээ жүдо бөхийн өлгий Кодокан ордонд айлчилсан юм. Тэр үед жүдогийн зургаадугаар даны улаан цагаан алаг бүс бэлгэнд аваад “Зургаадугаар дан ямар хүндтэй гэдгийг мэднэ. Энэ бүсийг нэр хүндтэйгээр зүүхийн төлөө хичээн зүтгэх болно” гэж хэлж байжээ. Мөн 2002 онд нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Жүдо гэж өрсөлдөгчтэйгээ эв найрамдалтай байхыг хэлнэ” гэж ярьж байв. Дараа нь ч Японд ирэхдээ байнга Кодоканд очиж, гадаад өөр оронд зочлохдоо ч жүдо бөхийн нэрийг урдаа барьдаг байлаа. Тэр үед япончууд В.Путинд хоёр ном бэлэглэсэн юм.

2005 онд Японд ирэхэд нь одоогийн Японы жүдо бөхийн холбоо, Үндэсний олимпын хорооны тэргүүн Ямашита Ясүхиро түүнд жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн “Хамтын харилцан хөгжил” номыг бэлэглэж байв.

2017 онд Владивосток хотод явагдсан Япон, ОХУ-ын дээд хэмжээний уулзалт дээр Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгч Путинд Кано Жигорогийн “Сэтгэлийн хүчийг ашиглах нь” номыг бас бэлэглэсэн юм. Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайны өмнө бичигдсэн, Кодоканд хадгалагдаж байсан ховор бүтээл байлаа. 

Каногийн сургаал, Путины үйлдлийн ялгаа

Энэ хоёр ном бол Кано Жигоро багшийн жүдо бөхийн үндэс гэж юу болохыг заасан бүтээл байв.

“Хамтын харилцан хөгжил” гэдэг нь “Харилцан итгэлцэж, туслан дэмжиж чадвал чи өөрөө ч, дэлхийн бусад хүмүүс ч хөгжин цэцэглэж чадна. Ийм сэтгэхүйг жүдод нэвтрүүлэн, бүгд хамтдаа мандан бадрах ертөнцийг байгуулцгаая” гэсэн утгатай үг.

Харин “Сэтгэлийн хүчийг ашиглах нь” ном бол “Жүдо бөхөөр хатуужуулан хөгжүүлсэн сэтгэл, бие бялдрын хүч чадлаа өрсөлдөгчөө айлгах, ялахын төлөө биш хүмүүсийн тусын тулд ашиглая” гэсэн сургаал байлаа.

Энэ сургаал бол Кано Жигорогийн жүдог үндэслэгч хүний хувьд тунгаан бодсон, сэтгэн хөгжүүлсэн жүдо бөхийн хамгийн гол үзэл санаа байлаа. Маш ховор нандин энэ номны учир утга, үнэ цэн, харин бэлгэнд авсан хүнийх нь одоо хийж байгаа үйлдлийг бодохоор маш их ялгаатай байгаа нь харагдана. В.Путин өдий болтол маш олон удаа жүдо бөхийг хүндэлдэг гэдгээ дурдаж, заримдаа амьдралын хөтөч хэмээн ярьж байсныг нь бодохоор тэр номыг уншсан эсэхэд өөрийн эрхгүй эргэлзэх ажээ.  

Хэрэв Путин үнэхээр жүдо бөхийг ойлгодог байсан бол?

Жүдогийн ертөнцөд өнөөдрийн нөхцөл байдлын талаар янз бүрийн бодолтой хүмүүс бий. Бодол санаагаа ил тод илэрхийлэхгүй байгаа ч Японы жүдо бөхтэй холбоотой байсныг нь бодохоор Путиныг жүдо бөхөөс урвалаа гэж үзэх хүн олон. Үнэндээ ч тийм юм. Яагаад Японы жүдо бөхийн холбоо, ертөнцөөс Путины талаар юу бодож байгаагаа илэрхийлэхгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа ч ямар нэг үг хэллээ гээд байдал өөрчлөгдөхгүй байх. Путин ч тоохгүй болов уу. 

Гэхдээ өдийг хүртэл Японы жүдо, Путинтэй гүн холбоотой байсан нь үнэн. Японы жүдо бөхийн олон зүтгэлтэн Путинээс одон медаль гардан авч байсан нь бас үнэн. Тэгэхээр Путин үйлдэл биш юм гэхэд ядаж үг хэлээрээ жүдо бөхийг хүндэлж байсан болж таарна. Тийм бол түүнийг одоо жүдо бөхөөр дамжуулан шүүмжлэх нь утгагүй байж ч мэдэх юм.

Хагас жилийн өмнө “Хэнд ч мөрөөдлөө булаалгахгүй” гэж ярьж байсан жүдоч охин ОХУ-ын халдлагад мөрөөдлөө булаалгаад сууж байна. Энэ дайн үргэлжилж байгаа цагт жүдочид тулааны талбарт нүүр тулан мөргөлдөх цаг тийм хол биш байж ч мэдэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бурмаа(103.229.122.64) 2022 оны 03 сарын 17

Япон сэтгүүлч нэг зүйлийг ойлгоогүй бичжээ. Тэр номыг бичсэн жүдогийн их багш Орос шиг том гүрнийг удирдаж, улс төрч байгаагүй гэдгийг. Аргагүй дээ, жирийн, япон сэтгүүлч орос орныг ч хэлийг ч, Путинг ч мэдэхгүй байх нь.

0  |  0
dash(98.181.117.132) 2022 оны 03 сарын 17

Maluud uhernuud UMBUUNUUD Bodit baidald dugnelt hiigeech UMBUUNUUDEE Delhiin uls gurnuudiin tentsvert baidal mednee UMBUU Mongolchuud u medehevdee Yvj honio hariul Americ Europchuud dangaar noyorhood ( unuu bish bas margaash bish ) Azuudiig Haruudiig Haltaruudiig uzen ydaj ehlene Ter ued ali hediin oroitson bna Uher Mongolchuud malaa l mallana daa Umbuunuudee

0  |  0
etdenebat (64.119.25.139) 2022 оны 03 сарын 16

Путин гитлерээс дор амьтан тэр цаг үеийг одоотой харьцуулж үзхэд

1  |  0
Top