Чөлөөт бөх: Оросууд өөрсдөө супер тэмцээн зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Украины нөхцөл байдалтай холбогдуулан, энэ сарын 2-нд ОХУ, Беларусын бөхчүүдийг тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили энэ талаар ТАСС агентлагийн сэтгүүлчтэй ярилцжээ.

Михаил Мамиашвили “Бид гадаадын тэмцээнд оролцохгүй ч дотооддоо чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулна. Гадаадын бөхчүүдийг урих болно. Тэмцээний хэлбэр, зохион байгуулалт маш сонирхолтой байх тул гадаадын тамирчид нутагтаа шүүмжлүүлнэ гэж айлгүй оролцох боломжтой. Бид тэднийг олон нийт, нийгмийн цохилтоос хамгаална. Одоогийн байдлаар манай холбоо тэмцээнийхээ хуваарийг хэлэлцэж байгаа. Дэлхийн бүх хүчтэнүүд өрсөлдөх супер, нээлттэй тэмцээн байх болно. Поддубный, Ярыгиний нэрэмжит тэмцээнүүд огт өөр хэв маягтай болох юм. Шагналын сан өндөртэй мэргэжлийн лиг, клубуудын тэмцээн гээд л олон тэмцээн хийнэ” гэж мэдэгдлээ.

“Таныг ДБНХ-ны Удирдах зөвлөлөөс хасах уу” гэсэн асуултад тэрээр “Ямар гэмт хэрэг үйлдсэн гэж намайг хасах ёстой гэж? Би хууль ёсны сонгуулиар олонхын санал авч сонгогдсон. Би холбоонд ямар нэг үндсэрхэг үзэл, алан хядах ажиллагааг сурталчлаагүй. Тийм болохоор орос тамирчдыг тэмцээнээс хасаж байгааг би огт ойлгохгүй байгаа” гэж хариулжээ."

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top