Азийн хөлбөмбөгийн холбооны Цомын плей-оффын шатанд манай Athletic 220 баг Хонконгийн Ли Мантай таарсан билээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 19-нд Хонконгт болох ёстой байсан ч Хонконгод нэгдүгээр сараас ковидийн хориг тавигдаж, спортын бүх арга хэмжээг цуцалсан байгаа.
Тиймээс Ли Ман баг тоглолтыг Тайваньд шилжүүлэх хүсэлтийг Азийн хөлбөмбөгийн холбоонд тавьсан юм.
Харин Азийн холбооноос хүсэлтийг хүлээн авалгүй, тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулах шийдвэр гаргалаа. Энэ хоёр багийн ялсан нь хэсгийн шатанд шалгарч, Хонконгийн Eastern Long Lions, Тайваны Tainan City , Макаогийн MUST CPK багуудтай зургаадугаар сард өрсөлдөх болно.
Ли Ман баг ирэх долоо хоногт Таиландад цугларалтад гарч, тэндээсээ шууд Монголд ирэх юм байна. Тус багийн дасгалжуулагч Чан Хиу-мин “Азийн хөлбөмбөгийн холбоо бидний хүсэлийг хүлээн аваагүй нь харамсалтай. Харин ч бүр өрсөлдөгчийн маань талбай дээр тоглолт хийх болголоо. Монголд очиход санхүүгийн хүндрэл үүсэхээс гадна цаг агаарт дасан зохицох гээд асуудалтай. Мөн хиймэл талбайд тоглох боллоо” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )