БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч БХЯ-ны байранд нүүж орно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21


БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сог Ёл тамгын газраа Хөх ордноос Сөүл дэх Үндэсний батлан хамгаалах яамны цогцолборын бүс дэх байр руу нүүлгэхээр болсон тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Юн Сог Ёл “Миний бүрэн эрх хэрэгжиж эхлэхэд 50 хоног үлдээд байна. Зарим хүмүүс нүүх гэж хэт их яарч буйд болгоомжилж байна. Гэсэн хэдий ч хэмжээлшгүй эрх мэдлийн бэлэг тэмдэг болсон Хөх ордонд эхнээсээ нүүж орохгүй байсан нь дээр гэж үзэж байна” хэмээн онцолжээ. Тэрбээр үүнтэй холбоотой санхүүгийн зардал гарах хэдий ч сонгуулийн сурталчилгааны амлалтаа зөрчиж, бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэхийг хүсэхгүй байна гэжээ.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр ерөнхийлөгчийн тамгын газар болон өөрийнхөө амьдрах өргөөг Хөх ордноос нүүлгэх амлалт өгчээ. Тэрбээр Гванхвамун төв талбайд шинэ бууриа засахыг хүссэн ч аюулгүй байдлын үүднээс боломжгүй болсон байна. Батлан хамгаалах яамны цогцолбор нь аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн тул энэхүү сонголтыг хийсэн гэж тайлбарлажээ.

Юн Сог Ёлын засаг захиргаа тавдугаар сарын 10-нд тангараг өргөх ёслолын дараа шууд ажилдаа орох бөгөөд энэ өдрөөс эхлэн Хөх ордон иргэдэд зориулж хаалгаа нээх гэнэ. Юн Сог Ёл Хөх ордон нь төрийн эрх баригчид ард иргэдээс хэр их холдсон, гүйцэтгэх засаглалд ерөнхийлөгчийн аппарат хэт их нөлөөтэй болохын бэлэг тэмдэг болсон гэж үздэг байна. Тэрбээр БХЯ-ны цогцолборын ойролцоо байрлах засгийн газрын өмчийн байруудаас сонголт хийн, амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд ирээдүйд энэ бүсэд шинэ өргөө барих боломжийг үгүйсгээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top