Тедди Ринер долоодугаар сараас барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Францын жүдоч, олимпын хошой аварга, дэлхийн 10 удаагийн аварга Тедди Ринер ирэх долоодугаар сарын 8-10-нд Унгарт болох Их Дуулга тэмцээнээс барилдаж эхлэнэ гэдгээ зарлалаа. Энэ нь ирэх сарын сүүлээр Болгарт эхлэх Европын аваргын тэмцээнд оролцохгүй гэсэн үг юм.

Теддигийн хувьд гол зорилго нь тивийн аварга биш 2024 оны Парисын олимп байгаа. Шинэ олимпын циклээ тэрээр Бразилд хамтарсан бэлтгэл хийж эхлүүллээ. Арав хоногийн энэ бэлтгэл дээр Ринер хэвтээ барилдааны арга техникээ сайжруулж, жи-жицүгийн мэх заалгасан байна.

Франц, Бразилын шигшээ багийн хамтарсан бэлтгэлийн үеэр Тедди “Би долоодугаар сард Унгарын Их Дуулгад оролцох нь тодорхой. Дараа нь ямар тэмцээнд оролцохоо Унгарт хэр барилдсан үр дүнгээс шалтгаалан, шийдвэрлэнэ. Аравдугаар сард ДАШТ-д оролцоно. Би Токио олимпын дараа зургаан сар амарсан. Цаашдаа гадаадад ихэвчлэн бэлтгэл хийнэ. Надад хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй байна. Тийм болохоор л бид Бразилыг сонгосон юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Тедди хамгийн сүүлд 2017 онд Мароккод үнэмлэхүй жингийн ДАШТ-д оролцож, 10 дахь дэлхийн алтаа зүүсэн билээ. Хамгийн анхны алтан медалиа 2007 онд Бразилд 18 настайдаа авч байсан юм. Хамтарсан бэлтгэл дээр тэр хашир туршлагатай Рафаэль Сильва, шинэ од Жоао Чезарино нартай олон удаа барилдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top