МЭРГЭЖЛИЙН БОКС: УСИК тулалдаж, ЛОМА байлдана

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23


Украины мэргэжлийн боксын хоёр том од энэ хавар дэлхийн аваргын бүсийн төлөөх болон хамгаалах тулаантай. Гэхдээ Александр Усик, Василий Ломаченко нар одоо Украины армид алба хаан, эх орноо хамгаалж байгаа билээ.
 


WBA, IBF, WBO холбооны супер хүнд жингийн аварга Александр Усик дайны цагт бэлтгэл дутуу байгаа ч Энтони Жошуатай хариу тоглолтоо хийхээр болжээ.

Энэ сонирхолтой тулаан тавдугаар сарын сүүл, эсвэл зургаадугаар сарын эхээр болох товтой. Эхний тоглолтод Усик ялж, аварга болсон билээ. Супер хүнд жингийн аварга цол тул маш чухал тулаан юм. Украинд дайны байдал зарласан байгаа ч Усик гурван хүүхэдтэй тул хууль ёсоор Украинаас гарч болно.
 


Харин Василий Ломаченко тулаанаа цуцалж, эх орондоо үлдэх шийдвэр гаргажээ.

Лома мэргэжлийн боксын гурван жинд дэлхийн аварга болж байсан бөгөөд энэ удаад Жорж Камбосостой аваргын бүсээ эргүүлэн авахын төлөө өрсөлдөх ёстой байлаа. Зургаадугаар сарын 5-нд Австралид явагдах тулаанд түүний оронд Америкийн Девин Хэйни гарах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top