Өнөөдөр олон улсын экологийн “Эх дэлхийн цаг” арга хэмжээ болно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 26

Дэлхийн байгаль хамгаалах сангаас жил бүр зохион байгуулдаг “Эх дэлхийн цаг” олон улсын арга хэмжээ өнөөдөр /2022.03.26/ болно.

Бэлэг тэмдгийн шинж чанартай эл арга хэмжээ байгаль орчин, дэлхийн баялагт хариуцлагатай хандах асуудалд дэлхий дахины анхаарлыг хандуулах зорилготой. Эл арга хэмжээний оргил үе нь “Эх дэлхийн цаг”. Энэ цагт айл өрх бүрийг гэртээ цахилгаан хэрэгсэл, гэрлээ нэг цагийн хугацаанд унтраахыг уриалдаг ба олон арван мянган алдартай барилга, байгууламжууд нэг цагийн хугацаанд гэрэлтүүлгээ унтрааж, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

“Эх дэлхийн цаг” арга хэмжээг дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гарагт явуулдаг. 2022 оны арга хэмжээ гуравдугаар сарын 26-ны өдөр орон нутгийн цагаар 20.30 цагт эхэлнэ.

“Эх дэлхийн цаг” нь сайн дурын арга хэмжээ. Нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гудамжны болон бусад объектуудын гэрэлтүүлгийг унтраадаггүй. “Эх дэлхийн цаг”-ийн лого нь эхэндээ “60” буюу Дэлхий хэмээх гарагийн бүх иргэн байгаль дэлхийнхээ төлөө 60 минутыг зориулж буйг бэлгэддэг байсан бол өдгөө “60+” гэж өөрчилж, нэг цагийн хязгаараас давж, байгаль экологийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахыг хүн бүрт уриалж байна.

Анх “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2007 онд Австралийн Сидней хотод зохион байгуулсан түүхтэй. Тус арга хэмжээнд Сидней хотын 2.2 сая оршин суугч, хоёр мянга гаруй аж ахуйн нэгж нэгдэж байжээ. Дараа жил нь энэхүү арга хэмжээнд дэлхийн 35 улс орон нэгдэж, тухайн үед 50 сая хүн нэг цагийн хугацаанд гэрэл цахилгаанаа унтрааж байжээ. 2009 оны “Эх дэлхийн цаг” хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан кампанит ажил болжээ. Тухайн үед арга хэмжээнд нийт нэг тэрбум гаруй хүн оролцож байв. 2011 онд “Эх дэлхийн цаг” шинэ түвшинд гарав. Дэлхийн байгаль хамгаалах сан нэг цагийн хугацаанд гэрэл цахилгаанаа унтраагаад зогсохгүй Дэлхий хэмээх гарагийнхаа төлөө ямар нэгэн хэрэгтэй алхам хийхийг уриалав. Мөн онд 1.8 тэрбум хүн тус арга хэмжээнд нэгдэж байсан бол 2019 онд арга хэмжээг 190 орны 7.5 мянга гаруй хот дэмжин, 18 мянган гаруй объектын гэрэлтүүлэг унтарч байв. 2020 онд коронавирусний цар тахлын улмаас “Эх дэлхийн цаг”-ийг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулав. 2021 онд мөн л цахим хэлбэрээр зохион байгуулсан кампанит ажилд дэлхийн 192 орон, нутаг дэвсгэр оролцож, арга хэмжээг нийгмийн сүлжээгээр давхардсан тоогоор 9.6 тэрбум хүн үзжээ.

Жил бүр оролцогч улс орнууд “Эх дэлхийн цаг”-ийг тухайн оронд тулгамдаж буй байгаль экологийн асуудлыг хөндсөн нэг сэдвээр зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top