ОХУ-ыг FIFA-гаас хасах уу?

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Энэ сарын 31-нд Катарын Дохад Олон улсын хөлбөмбөгийн холбооны чуулган болно. Энэхүү чуулганаар ОХУ-ыг холбооны гишүүнээс хасна гэж гадаадын олон хэвлэлүүд мэдээллэж эхлээд байна.

Хэрэв ОХУ-г хасах юм бол Оросын шигшээ баг болон клубууд дэлхийн хөлбөмбөгөөс алга болно гэсэн үг. Өнөөдөр Олон улсын биатлоны холбооноос ОХУ-ын биатлоны холбооны гишүүнчлэлийг цуцалснаар орос тамирчид олон улсын биатлоны ямар ч тэмцээнд оролцож чадахгүй болсон. Цуцалсан үндэслэлийг “Олон улсын биатлоны холбооны өмнө гэрээ ёсоор хүлээсэн хүмүүнлэгийн үүргээ умартаж, холбоо болон биатлон хэмээх спортын нэр хүндийг унагаасан” гэж тайлбарласан байв.

Хөл бөмбөг ч яг энэ шалтгаанаар хасагдах магадлал тун өндөр байна. Нөгөөдөр эхлэх чуулганы хөтөлбөрт “Холбооны гишүүнчлэлийг түр цуцлах, хасах” гэсэн асуудал орсон байгаа. Одоогийн байдлаар тодорхой байгаа нь Зимбабве, Кенийн үндэсний холбоодын дотоод ажилд Засгийн газраас нь оролцож байгаа тул шийтгэл оноох болсон. Харин ОХУ-ын холбоог авч хэлэлцвэл, түр цуцлах уу, хасах уу гэдэг тодорхой бус.

ФИФА-гийн дүрмэнд чуулганы төлөөлөгчдийн ¾ нь буюу 75 хувь нь зөвшөөрвөл тухайн холбоог хасаж болно гэж заасан байдаг. Тэгэхээр энэ гурван улсаас бусад 208 холбоо санал өгнө, 156 нь хасна гэвэл ОХУ дэлхийн хөлбөмбөгөөс хасагдах юм. Оросуудын түгшиж байгаа нэг зүйл нь санал асуулгын явагдах хэлбэр. Хаалттай явагдвал ОХУ хасагдах магадлал өндөр. Нээлттэй болбол ОХУ-тай ойр харилцаатай орнууд хасах санал өгч зүрхлэхгүй болно. Хэрэв хасахаас өөр шийтгэл (торгууль, тодорхой хугацааны шийтгэл) оноовол, ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо шийтгэлийн хугацаа дууссаны дараа Европын хөлбөмбөгийн холбоог орхиж, Азийн холбоонд элсэх бодолтой байгаа юм. Учир нь Европт хаана ч очсон Оросын багийг ад үзэн, хүлээж авах нь ойлгомжтой. Гэхдээ гишүүнчлэлээс хасагдвал Азид шилжиж чадахгүй болно.

Оростой ойрхон жишээ гэвэл Израилыг авч үзэж болох юм. Израиль газар зүйн хувьд Ази ч Европын холбоонд харьяалагддаг. Учир нь Израиль Арабын олон оронтой дайн хийж, харилцаа муудсан тул 1974 онд Азийн холбооноос хасагдсан. Тэр үед Азийн холбооны 17 гишүүн хасах шийдвэрийг дэмжиж, 6 нь түдгэлзэж байв. Ингээд Европын холбоо Израилийг дэмжиж, 1980 оны Европын АШТ-ий урьдчилсан шатанд оруулсан. Гэхдээ гишүүнчлэлээ 1994 онд л олгосон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.114.112) 2022 оны 03 сарын 30

Түрэмгий дайн хийдэг Оросыг хасах хэрэгтэй

0  |  0
Зочин(192.82.80.139) 2022 оны 03 сарын 30

Оросыг AFC-д оруулах хэрэггуй, ДАШТ-ын нэг эрхийг емчлеед авчихаж байна л гэсэн уг, энэ ч шийтгэл биш шагнал л гэсэн уг болно биз дээ, тэрэн дор бурмесен хассан нь зев болох байх аа

0  |  0
1(49.0.130.132) 2022 оны 03 сарын 29

гоё доо

0  |  0
Top