Гэмт этгээдүүд согтуурсан иргэнийг ХОХИРОГЧООР СОНГОЖ хэрэг үйлддэг

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Улсын хэмжээнд  2022 оны эхний хоёр сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 130 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 93 нэгжээр буюу 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг энэ оны эхний хоёр сард 100 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнх хувийг гар утас эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.  

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ч.Батбаяр:

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс нь нийслэлийн 6 дүүрэгт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Шөний эргүүлийн хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 376 чиглэлд, 766 алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 1421 тээврийн хэрэгслийг шалгаж, 94 зөрчлийг илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн.  

Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийг зөв үйлдэлд уриалах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөлийг ойлгуулах зорилгоор “Зөвийг зөвлөе” арга хэмжээг 21 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтайван:

Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль 23, их дээд сургууль 15, төрийн байгууллага 596, 1223 хуулийн этгээдийг хамруулан нийт 74600 иргэн хавтаст зургаа сольж арга хэмжээнд нэгдсэн. Мөн мэдээ мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн цахим хуудас болон төв орон нутаг дах цагдаагийн газруудын цахим хуудсаар дамжуулсан бөгөөд давхардсан тоогоор 6.800.000 гаруй иргэн зочилж мэдээлэлтэй танилцсан байна. Цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан мэдээлэл хүргэж байгаагаараа онцлог арга хэмжээ болсон.

Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газруудыг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргүүдэд илүү ихээр үйлдэгдэж байгаа юм.

Тухайлбал, “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд 2 согтуу хүн зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ оны 03 дугаар сарын 27-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар дугаар хэлтсээс шалгахад 49 настай иргэн Д, 48 настай эрэгтэй Б нар нь тус орон сууцны цахилгаан шатан дотор 4 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэбат:

Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 14-16 насны М,Б,Ч,Н нар нь өмнө цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байсан этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар явахгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж явахыг сэрэмжлүүлж байна. Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн энэ оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үл таних 2 эрэгтэй хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг хэргийн холбогдогчийг шуурхай олж тогтоон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар дугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top