Хифүми Абэ: Би төгс жүдоч болмоор байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Саяхан болж өнгөрсөн Японы аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд түрүүлсэн Хифүми Абэтэй сэтгүүлчид уулзан ярилцжээ. Тэрээр өөрийн гол өрсөлдөгч Жёоширо Марүямаг финалд ялсан юм. Аравдугаар сарын 6-13-нд Узбекистанд болох дэлхийн аваргын тэмцээнд хоёр тамирчин хамтдаа явна.

-Сэтгэгдлээ хуваалцаач.

-Сэтгэл хангалуун байна. Өөрийнхөөрөө барилдаж чадсан гэж бодож байгаа. Токио олимпын үеэр би хэрхэвч ялагдаж болохгүй гэсэн их дарамттай барилдсан. Өнөөдөр ч гэсэн дарамт байлаа. Гэхдээ би тайван барилдаж чадлаа. Форм сайтай байгаа болохоор итгэлтэй байлаа.

-Финалын барилдаанд Марүяматай барилдсан. Юу бодож байв?

-Би зөвхөн дэлхийн аварга биш, бас олимпын аварга хүн. Татамид гарахдаа яасан ч ялагдахгүй гэж бодсон. Ялалтын төлөө урагш дайрна, олимпын аварга гэдгээ харуулна гэж бодож байлаа.

-Олимпын аварга болоод таны өөртөө итгэх итгэл нэмэгдсэн үү?

-Тиймээ, би өөртөө, барилдаандаа улам итгэлтэй болсон. Өмнө нь яг ялна гэсэн итгэл сул байлаа. Харин одоо би өөрчлөгдсөн, олон дутуу зүйлээ нөхөн авч чадсан.

-Марүяматай удаан барилдана гэж бэлтгэсэн үү?

-Барилдаан хэрхэн өнгөрөхийг таамаглаагүй. Ямар цомын төлөө өрсөлдөж байгаа нь хамаагүй, ялах л хүсэлтэй байлаа.

-Та өрсөлдөгчдөө таарсан сөрөг довтолгоо хийж чадсан.

-Бид хоёр олон удаа таарч барилдсан. Энэ удаагийнх сөрөг доволгоо биш, миний довтолгоо байсан гэж би бодож байна.

-Олимпын дараа олон тамирчин урт хугацаагаар амардаг. Таны хувьд?

-Олимпын дараа хүч чадал дүүрэн байсан болохоор урт амралт хэрэггүй байлаа. Даанч бага зэрэг гэмтэл авсан болохоор нэг сар амраад Парисын олимпын бэлтгэлдээ орсон.  Шинэ шинэ ялалт байгуулах хүсэл төрсөн.

-Таны энэ жилийн төлөвлөгөө?

-Хөлний ажиллагаагаа сайжруулах бэлтгэл хийнэ. Ер нь хийх сурах юм их байна. Би өв тэгш жүдоч болмоор байна. Токиогийн олимп амжилттай болсон ч миний аян замын дөнгөж эхлэл нь байсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 13

Ер нь л биеэ тоож яваа гар байна даа, арга ч үгүй л байх даа бөх л хүн шүү дээ

0  |  4
Top