Жүдо бөхийн 66 кг-ын жинд 2012, 2106 оны олимпын наадамд дараалан хүрэл медаль зүүсэн, дэлхийн 3 удаагийн аварга Масаши Эбинүма Японы ҮОХ-ны шугамаар Их Британийн Кардифф хотод дасгалжуулагчийн сургуульд суралцах болжээ. Тэрээр 2024 оны гуравдугаар сар хүртэл суралцах бөгөөд гадаад багш, дасгалжуулагч нарын арга барилд суралцаж, англи хэлний хичээлд суух юм.
Эбинүма Японы эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Иноүэ Косэйгийн замналаар замнаж байгаа нь энэ. Иноүэ мөн зодог тайлаад ҮОХ-ны шугамаар Англид ном үзсэн. Японд эргэж ирээд уналтад орсон байсан Японы эрэгтэй багийг хэрхэн сэргээснийг бүгд харсан. ОУОХ-нд дэлхий, олимпын медальт тамирчдыг зодог тайлсан хойно нь сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгждэг юм.
Эбинүма өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард зодог тайлаад Японы PARK24 компанийн багт туслах дасгалжуулагч, эрэгтэй шигшээ багт хөнгөн жинг хариуцан ажиллаж байсан билээ. Тэрээр инстаграм хуудсандаа “Юм үзэж, нүд тайлаад ирнэ. Хоёр жилийн дараа яаж хөгжиж дэвшсэнээ Японы жүдод харуулах болно” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )