Монголын таван марафонч ДАШТ-д оролцох болзол биелүүллээ

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

БНСУ-ын  Сөүл хотноо өнөөдөр болсон "Seoul international marathon-2022" олон улсын марафонд Монголын үндэсний шигшээ багийн  марафон гүйлтийн тамирчид амжилттай оролцож, энэ зун АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох болзолыг гурван марафонч нэмж биелүүллээ.

"Хан мөрний гайхамшиг" хэмээн нэрлэгддэг Сөүлийн марафон нь анх 1931 онд зохиогдсон түүхтэй. Энэ жил уг марафонд манай гурван эрэгтэй марафонч оролцож, ОУХМ Ж.Олонбаяр 2 цаг, 10мин 59 секунд, "Хилчин"  спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга 2.11.13, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Бямбажав 2.11.19 амжилтаар тус тус барианд орлоо. Багийн дасгалжуулагчаар Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нар ажиллажээ.

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн entry standart буюу оролцох болзол нь 2.11.30 юм.

Ийнхүү энэ оны долдугаар сарын 14-24-нд болох "Орегон-2022" хөнгөн атлетикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг одоогоор Монголын таван марафонч биелүүлээд байна.

Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б. Мөнхзаяа нар ДАШТ-ий болзлыг биелүүлээд байсан юм.

ДАШТ-д нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь гурван тамирчин оролцох журамтай тул, манай эрэгтэй гурав, эмэгтэй нэг, дөрвөн марафонч маань Орегонд гүйх боломжтой.

Харин эмэгтэй марафонд манай өөр тамирчин болзол хангавал энэ тоо нэмэгдэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top