Шар усны үерээс сэрэмжлүүлэх, хөв цөөрөм байгуулахыг уриаллаа

2022 оны 04 сарын 19

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн өнөөдөр /2022.04.19/-ийн ирүүлсэн мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.52 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс, Булган, Идэр, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Халх зэрэг голын сав  газруудын 55-85% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.30 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч зэрэг голын сав газруудын 30% орчим нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.21 шоо.км байна.

Дөрөвдүгээр сарын 17,18-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар эрчимтэй дулаарах тул дээр дурьдсан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн  газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийх, ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн улсын хэмжээнд цас, мөс хайлж, хаврын шар усны үерийн үе эхэлж байгаа бөгөөд шар усны үерийн усыг хөв, цөөрөм үүсгэн хуримтлуулж малын ус хангамж болон ойн зурвасын усалгаа зэрэгт ашиглах боломжийг бүрдүүлэхэд малчид, иргэд та бүхнийг анхаарч ажиллахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top