Барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын дэвшилтэт техник, технологийг танилцуулах "Build mongolia 2022" Олон Улсын үзэсгэлэн "Steppe Arena-Мөсөн өргөө"-нд эхэллээ. Дөрөвдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнд дэлхийн 10 улсын барилга, бүтээн байгуулалтын томоохон компаниуд оролцож байгаа юм.
Тодруулбал, Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ удаад илүү өргөн цар хүрээтэйгээр болж байна. Энэ удаад барилга, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэр гээд бүтээн байгуулалтын 150 ААН, байгууллагыг нэг дор нэгтгэсэн гэдгээрээ онцлог юм.
Үзэсгэлэнгийн танхимд ороход тус бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж буй павильонууд нүдэнд тусна. Хаалга, хана, ажлын хувцас гэх мэт жижиг хэрэглэлээс эхлээд бүтээн байгуулалтад шаардагдах бүхий л хэрэгсэл байгаагаас гадна орон сууцны талаар ч мэдээлэл авах боломжтой байв.
"Build Mongolia-2022"-ийн нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл болон үзэсгэлэнд оролцож буй улс, орнуудын элчин сайд нар хүрэлцэн ирсэн байлаа.
Энэ үеэр улс орны бүтээн байгуулалтыг өргөжин тэлэхэд дотоод болон гадаад хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг "Build Мongolia 2022" үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга онцолж байсан юм.
Тэрбээр "Монгол орон зах зээлийн харилцаанд шилжээд 30 жилийг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд хийсэн бүтээн байгуулалт болон цаашид хийж, хэрэгжүүлэх бүхий л зүйл бидний хамтын ажиллагаанаас хамаарна. Мөн дэлхий ертөнцтэй хэрхэн хөл нийлүүлж байгаагаас хамаарах юм. Тэгэхээр энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхийн тулд өнөөдрийн энэхүү "Build Mongolia-2022" арга хэмжээг зохион байгуулж байна" гэв.
Мөн үзэсгэлэнг олон улсын чанартай болгож зохион байгуулахад хамгийн их тус дэм үзүүлж байгаа гадаадын төлөөлөгч, элчин сайдуудад талархал илэрхийллээ.
Харин үүний дараа БХБЯ-ны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хүрэлцэн ирж, салбарын сайдын үгийг уламжилсан юм.
Ингэхдээ хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Build Mongolia" үзэсгэлэнг эдийн засгийн чухал салбаруудыг хамарч байгаа талаар дурдаж, энэ удаад илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буй нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа.
Учир нь өмнөх удаагийн үзэсгэлэнд 80 гаруй ААН, байгууллага оролцож байжээ. Харин энэ удаад Унгар тэргүүтэй 10 гаруй орны барилгын салбарын төлөөллүүд оролцож, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж байгаа аж.
Засгийн газраас энэ онд зам тээвэр, эрчим хүч, барилга бүтээн байгуулалтын салбарт 1,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ. Энэ нь барилга, хот байгуулалтын салбарт хийгддэг хөрөнгө оруулалт 3,7 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Тиймээс салбар яамнаас энэ жил хот байгуулалт, газрын харилцаа, хаягжуулалт, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, зураг төсөл, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хангамж, орон сууцжуулах бодлогын үндсэн чиглэлүүдийг баримтлан ажиллаж байгааг хэлсэн юм.
"Build Mongolia 2022" үзэсгэлэнд оролцож буй улс, орнуудын төлөөлөл болгож Унгар Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Анна Обрушанскигийн сэтгэгдлийг сонссон юм.
Тэрбээр "Дипломат харилцааны 72 жилийн түүхтэй Унгар Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгаад маш их баяртай байна.
Энэ жилийн хувьд манай улсын компаниуд бараа бүтээгдэхүүн болон техник, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд "Build Mongolia" Олон Улсын үзэсгэлэнд анх удаа албан ёсоор оролцож байна. Дараа, дараагийн жилүүдэд Монгол Улстай хамтын ажиллагаатай Унгар компаниуд илүү нэмэгдэн гэж бодож байна" хэмээн баяртайгаар хэллээ.
"Build Mongolia 2022" үзэсгэлэн "Степпе Арена"-д дөрөвдүгээр сарын 20-22-нийг хүртэл гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Build Mongolia цахим хаягаас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )