60 гаруй аж ахуйн нэгж, иргэн 3.6 мянган тонн үрийн гэрээ байгуулжээ

2022 оны 04 сарын 20

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон холбогдох газрын дарга нар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдэд хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тус байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаарх мэдээлэл өгч ажиллав. 

Энэ онд хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, дараах арга хэмжээг зохион байгуулж байна. 

 

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг арилжааны 8 банк олгож байна. 

 

  • 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа хүнсний улаанбуудайг худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.5 мянган тонн улаанбуудайг хүлээн аваад байна. 

 

  • Зах зээлд борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, 

 

  • Тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх, 

 

  • Өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. 

 

  • Үр олгох ажлыг 04 дүгээр сарын 15-наас эхлүүлж өнөөдрийн байдлаар 60 гаруй аж ахуйн нэгж, иргэн 3.6 мянган тонн үрийн гэрээ байгуулан татан авч байна. 

 

  • Газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна. 

 

  • Тэжээлийн болон ашигт таримал, төмс, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны эх үүсвэрт ойр байршилд тариалангийн газар шинээр олгох ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлээр аймгуудын засаг дарга нартай хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар 1850 га талбайг шинээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

  • Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, хангамжийг тогтворжуулах” иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд шаардагдах үр, суулгац, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгаатай талбайн хэмжээ, зоорь агуулах, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг нийт орцуудын зардлын тооцоо, судалгааг гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top