Архангай аймгийн сурагчид ХАМГИЙН ӨНДӨР хувиар түвшин ахижээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний хүрээнд 21 аймгийн 42 сургуулийн 16295 сурагч "Сураад.мн" цахим сургалтын платформыг ашиглан сурлагын хоцрогдлоо арилгахаар суралцаж байна.

Цахим платформ нь хүүхдийг бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, багшийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, ялангуяа сурлагын хоцрогдлыг богино хугацаанд амжилттай нөхөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сурагчид энэ платформд ерөнхий боловсролын математикийн хөтөлбөрийн хүрээнд, нэгж сэдэв бүрээр ангилан боловсруулсан 100 мянга гаруй даалгаврын сангаас өөрийн түвшнийг тогтоох онлайн тест бөглөх, улмаар түвшиндээ тохирсон даалгавуудыг системтэйгээр ажиллах замаар сурлагын хоцрогдлоо нөхөж, сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг, чадвараа батжуулан суралцаж байна.

Платформ нь суралцагчаас гадна багш, эцэг эхэд зориулсан хэсэгтэй бөгөөд сурагчдынхаа даалгаврын гүйцэтгэл, суралцаж буй түвшин, ахиц амжилтыг байнга хянах боломжтой юм.

Одоогийн байдлаар 6 дугаар ангийн хүүхдүүд хамгийн өндөр түвшинд буюу 30 гаруй хувьтайгаар сурлагын хоцрогдлоо арилгаад байна. Багш нарын зүгээс ажлын ачааллыг багасгахад цахим платформ сайнаар нөлөөлж байгааг онцолсон бол цахим платформын даалгаврын сангаас шалгалтын материалаа бэлнээр авч хэрэглэх боломж байгааг ч дурдсан байна.

Сурагчийн зүгээс өөрийгөө үнэлэх, алдаанаасаа суралцах, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх гээд олон давуу талтай нь санал асуулгын үр дүнгээс харагдаж байна.
 


Цахим платформын туршилтын шат зургаадугаар сарын 01-н хүртэл үргэлжилнэ. Тус платформын сургалтад хамрагдаж буй сурагчдын даалгавар гүйцэтгэлийн түвшин, бодсон бодлогын тоо зэргийг аймаг тус бүрээр эрэмбэлснийг зургаар харж болно.

Одоогийн байдлаар Архангай аймгийн сурагчид хамгийн идэвхтэй, олон бодлого бодож, түвшин ахисан үзүүлэлттэй байна.

Хоцрогдлын түвшнийг ангиар болон тоогоор нь эрэмбэлсэн үзүүлэлтийн зургаас харахад 7 болон 8 дугаар ангийн сурагчдад анхаарал хандуулах хэрэгтэй нь харагдаж байгаа юм.

Платформыг идэвхтэй ашиглаж буй нийт сурагчдын дунджаар нэг хүүхэд 404 бодлого бодсон бөгөөд, 8 дугаар ангийнхан дунджаар 597 бодлого бодсоноор хамгийн өндөр, 3 дугаар ангийнхан хамгийн цөөн бодлого бодсон үзүүлэлтүүдтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top